Баянбүрдийн тойргийн замыг хэсэгчлэн хаана

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2020-07-03 18:05:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэлх HDPE ф900мм-ийн цэвэр усны шугамын ажил эхлэхтэй холбоотойгоор зам хэсэгчлэн хаах болжээ.


Тодруулбал, “Баянбүрдийн тойргийн уулзварыг өнөөдөр орой буюу 23:00 цагаас эхлэн маргааш 06:00 цаг хүртэл хааж, амралтын өдрүүдэд мөн тус цагт хэсэгчлэн хааж засварын ажлыг хийх юм. Засварын ажлыг авто замын хөдөлгөөнд хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулах аж.

“Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын Бүс хариуцсан ахлах инженер Б.Намсрайжав хэлэхдээ, “Зайсангийн дулааны болон хүйтэн усны шугамын ажлыг "Бумба-Од" ХХК 70-80 хувьтай гүйцэтгэж байна. Гэр хорооллын цэвэр усны шугамын ажлууд мөн хийж байгаа. Дулааны шугам сүлжээний 600мм-ийн диаметртэй шугамын ажлыг “Хасу мегат” компани хийж байгаа бөгөөд нэгдүгээр хорооллын ард талыг 3, 4 дүгээр хорооллын хойд талтай холбох шугам сүлжээний ажил хийж байна. Баянбүрдийн тойргийн замыг үе шаттай хаахаар болсон. Өнөө орой 23:00 цагаас Баянбүрдийн тойргоос 3, 4 дүгээр хороолол руу өгсдөг хэсгийн замын хөдөлгөөнийг маргааш өглөөний 06:00 цаг хүртэл хаана. Бямба, ням гарагийн орой дараагийн зурвас хэсгийн хөдөлгөөнийг хаана. Ингэснээр Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэлх HDPE ф900мм-ийн цэвэр усны шугамын ажил хийнэ” хэмээв.

Холбоотой мэдээ