Эх дагинын сүмийн оройг хуучны хэв маягаар нь сэргээн засварлана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-07-10 15:20:45

ПАРИС. /BBC/. Францын нийслэл Парис хотод оршдог Эх дагинын сүмийн түймэрт сүйдсэн оройг Готик хэв маягаар сэргээн засварлана гэж тус улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон мэдэгджээ.


Ингэснээр сүмийн оройг орчин үеийн загвартайгаар барьж магадгүй гэх таамаглалыг няцаажээ. Э.Макрон сэргээн засварлах ажлыг Парист Олимпын наадам болох 2024 он гэхэд дуусгахыг эрмэлзэж байгаагаа мөн мэдэгдсэн байна.


Парисын бэлгэ тэмдэг болсон, 850 жилийн түүхтэй Эх дагинын сүмд өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 15-д гал түймэр гарсны улмаас сүмийн орой болон дээврийн хэсэг сүйдсэн юм. 


Ташрамд дурдахад, түүхийн үнэт өв болсон уг байгууламжийг барих ажил 1160 онд эхэлж, 100 гаруй жилийн турш үргэлжилжээ. Энэхүү сүмийг жил тутам 13 сая хүн үзэж сонирхдог байна. 

Холбоотой мэдээ