Хонконгийн сургуулиудыг дахин хаахаар болжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-07-10 17:09:17

ХОНКОНГ. /TASS/. Коронавирусний халдвар тархах эрсдэлтэй байгаатай холбогдуулан цэцэрлэг, сургуулиудын хичээлийг  даваа гаргаас түр зогсоож, зуны амралтыг эрт эхлүүлэхээр төлөвлөж байна гэж Хонконгийн засаг захиргааны боловсролын асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга /сайд/ Кевин Ян /Ян Жуньсюн/ мэдэгдсэн байна.  


Үүний сацуу RTHK радио станцаар мэдээлж буйгаар, Хонконгийн засаг захиргаа сургуулиудад ирэх долоо хоногт товлосон шалгалтаа төлөвлөсний дагуу явуулах эсвэл хойшлуулахыг зөвшөөрчээ.


Хонконгт зургадугаар сарын сүүлчээс хойш коронавирусний халдварын тохиолдлын тоо нэмэгдэж эхэлсэнтэй холбоотойгоор ийм арга хэмжээ авсан байна. Долдугаар сарын 9-нд эрх баригчдынх нь мэдээлснээр, Хонконгт коронавирусний халдварын 42 шинэ тохиолдол илэрчээ. Үүний ердөө найм нь гаднаас зөөвөрлөгдөн ирсэн байна.


Хамгийн сүүлийн мэдээллээр, Хонконгт халдвар авсан нийт хүний тоо 1365-д хүрчээ. Халдвар тархсанаас хойш долоон хүн нас барсан байна. Халдварын тохиолдлын ихэнх нь гаднаас зөөвөрлөгдөн иржээ. Тавдугаар сарын сүүлчээр халдварын тархалтын байдал сайжирсантай холбогдуулан Хонконгийн эрх баригчид сургуулиуд, наран шарлагын газрууд, баар, шөнийн цэнгээний газрууд, музей болон олон нийтийн бусад газрыг нээсэн юм. 

Холбоотой мэдээ