Өмнөд Африкт согтууруулах ундаа худалдаалахыг дахин хоригложээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-07-13 11:31:17

ПРЕТОРИА. /BBC/. Өмнөд Африкт коронавирусний халдварын тархалтыг хязгаарлахын тулд хязгаарлалтын шинэ арга хэмжээнүүдийг танилцуулж, согтууруулах ундаа худалдаалахыг дахин хоригложээ. Цаашид шөнийн цагаар хөл хорио тогтоох бөгөөд иргэд гадуур гарахдаа амны хаалт заавал зүүх шаардлагатай болжээ.


Ерөнхийлөгч Сирил Рамафосагийн мэдээлснээр, согтууруулах ундааны хориг тогтоосноор эрүүл мэндийн тогтолцоонд ирэх ачааллыг бууруулах ажээ. Уг хоригийг энэ онд хоёр дахь удаагаа тогтоож байгаа юм.


Өмнөд Африкт халдварын тохиолдлын тоо 250 мянга давсан үед энэхүү шийдвэрийг гаргажээ. Тус улсад халдварын улмаас нас барсан хүний тоо 4000 давсан бөгөөд уг үзүүлэлтийг энэ оны эцэс гэхэд 50 мянгад хүрч болзошгүй гэж Засгийн газар таамаглажээ.


Африк тивийн орнуудаас халдвар хамгийн их тархсан Өмнөд Африкт энэ долоо хоногийн эхээр өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгджээ. Тэдгээр тохиолдлын тэн хагас орчим нь илэрсэн Гаутенг муж нь халдварын голомт болсон байна.



С.Рамафоса ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг “ихэнх” иргэд биелүүлж байгаа боловч зарим нь бусдыг хүндлэх, хамгаалах хариуцлагаа ухамсарлахгүй байгааг онцлон хэлжээ. Түүний хэлснээр, зарим хүн үдэшлэг зохион байгуулж, наргиж цэнгэж, амны хаалт зүүхгүйгээр олон нийтийн газраар явж байгаа ажээ.


Өмнөд Африкт онцгой байдлыг ирэх наймдугаар сарын 15 хүртэл сунгасан бөгөөд шөнийн 21-04 цагийн хооронд хөл хорио тогтоохоор болжээ. Мөн Засгийн газар 28 мянган орыг нэмж бэлдсэн байна. Гэвч сувилагч, эмч, физик эмчилгээний эмч зэрэг 12 мянга гаруй эмнэлгийн ажилтан дутагдсан хэвээр байгааг Ерөнхийлөгч мэдэгджээ. 

Холбоотой мэдээ