БНХАУ Их Британийг “Huawei” компанид хориг тавьсныг эсэргүүцжээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2020-07-16 10:13:44

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ Их Британийн Засгийн газар “5G” сүлжээнд “Huawei” компанийг оролцуулахыг хориглох шийдвэр гаргасныг эсэргүүцэж байна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин мэдэгджээ. 


Лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Их Британийн шийдвэрийн тухай ямар бодолтой байгаа талаар асуухад тэрбээр ийнхүү хариулсан байна.


Их Британийн Засгийн газар “Huawei” компанийн “5G” сүлжээний тоног төхөөрөмжийг 2020 оны 12 дугаар сарын 31-нээс хойш худалдан авахыг хориглож, тус компанийн бүх бүтээгдэхүүнийг 2027 оны эцэс гэхэд хэрэглээнээс хална гэж мэдэгдсэн юм.


Их Британи АНУ-тай хамтарч, БНХАУ-ын аж ахуй нэгжүүдийг ямар нэгэн бодитой нотлох баримтгүйгээр ялгаварлан гадуурхаж байна гэж Хуа Чуньин хэлжээ.


“Уг шийдвэр зах зээлийн эдийн засгийн зарчмууд, чөлөөт худалдааны дүрэм журмууд болон Их Британийн өгсөн холбогдох үүрэг амлалтуудыг илт зөрчиж, Хятадын компаниудын хууль ёсны ашиг сонирхол, Хятад-Их Британийн хамтын ажиллагааны харилцан итгэлцлийн үндэс суурьд ноцтой сэв суулгана” гэж хэвлэлийн төлөөлөгч хэлсэн байна.


Энэ бол аж ахуй нэгж юм уу салбарын асуудал бус Их Британи арилжаа, технологийн асуудлыг улс төржүүлж буй хэрэг бөгөөд уг шийдвэр Их Британи дахь Хятадын хөрөнгө оруулалтын аюулгүй байдалд ноцтой заналхийлж, манай улс Британийн зах зээлд нээлттэй, шударга, ялгаварлан гадуурхахгүй зарчмаа үргэлжлүүлэн баримтлах эсэх асуудлыг хөндөнө гэж Хуа Чуньин нэмж хэлжээ.  


Энэхүү асуудалд ихээхэн санаа зовниж буй БНХАУ иж бүрэн, нухацтай үнэлгээ хийж, аж ахуй нэгжүүдийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдгийг тэрбээр мөн онцлон тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ