Хүүхдийг эрсдэлээс хамгаалахад эцэг, эхчүүдийн хараа хяналт чухал байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-07-24 11:15:11

Архангай /МОНЦАМЭ/. Зуны амралт аялал, зугаалгын цаг эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдэд тавих  хараа хяналтаа сайжруулж, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг аймгийн Цагдаагийн газраас анхаарууллаа.

Эхний хагас жилийн байдлаар хүүхдийн эсрэг үйлдэгдсэн буюу хүүхэд хохирсон гэмт хэрэг багагүй гарсан. Тухайлбал бага насны хүүхдүүдэд тавих эцэг эхийн хараа хяналт сулаас бага насны хүүхэд өвдөөд  гэртээ нас барах. Усанд унах, ааруул, чихэрт  хахах тохиолдлууд гарсан байна. Мөн автомашинтайгаа ухарч байгаад хүүхдээ харахгүй эрсдэлд оруулах гэх мэтчилэн томчууд бидэнтэй холбоотой олон асуудлаас хүүхэд хохирч байгаа учраас анхаарал хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байна.

14-18 насныхны дунд архи, тамхины хэрэглээ огцом ихэссэн. Өсвөр насны охидын нөхөн үржихүйн асуудал хөндөгдөж, жирэмслэлт, төрөлт сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай болжээ. Мөн техник технологийн хөгжлийг дагаад өсвөр насны хүүхдүүдийн дундах цахим орчны хэрэглээ нэмэгдэж, тэр хэрээр донтох, цахим гэмт хэргийн хохирогч болох эрсдэл өссөн. Нийт хүн амын 85 хувь нь идэвхтэй сошиал хэрэглээтэй байгаа бөгөөд хот, хөдөөгийн ялгаа төдийлөн байхгүй. Насанд хүрээгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй. Мэргэжлийн сургууль, курст суугаагүй хүүхдүүдийг мотоцикл бариулж, малд явуулах. Үүнээс улбаатай  хүүхдүүд эрүүл мэнд амь насаараа хохирч, хүнд хөнгөн байдлаар бэртэж гэмтэх явдал гарсаар байна.

Томчууд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолооддог. Нойр дутуу явах, хурд хэтрүүлэх, давхар гүйцэд түрүүлэх. Бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгаж тээвэрлэдэггүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцдог. Автомашиныхаа цонхыг онгорхой хүүхдийг тээвэрлэдэг. Машины хаалгыг хүүхдийн цоожоор давхар цоожилдоггүй зэрэг бага насны хүүхэд зам тээврийн ослын хохирогч болох гол шалтгаан болоод байгаа юм.

Тиймээс Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан Сэргийлэх Хэлтсээс зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор  “Яараад яах вэ дээ” нөлөөллийн аяныг зохион байгуулж байгаа. Аяны зорилгыг ойлгож жолооч, автозамд явж буй зорчигчид маш анхаарал болгоомжтой зорчиж хамтран ажиллах хэрэгтэй юм хэмээн аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв. 

Холбоотой мэдээ