Х.Балжинням: Ховдод алимны брэнд бий болгоцгооё

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-07-29 16:14:16

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Булган сум орон нутагтаа жимс жимсгэнэ тариалалтаар тэргүүлж байна.

Одоогийн байдлаар Булган сумын хэмжээнд 300 гаруй айл өрх, 10 орчим аж ахуйн нэгж жимсний тариалалт хийж байна. Тэд өнгөрсөн намар нийт 54 тонн жимс \алим, слив, үрэл\ зах зээлд нийлүүлсэн аж.

Тэгвэл энэ жилийн тухайд шинэ ургацын жимс жимсгэнэ ирэх наймдугаар сарын 15-ны өдөр гэхэд худалдаанд гарахаар байна.

Тус сумынхан өдгөө "Булган жимс жимсгэнэ агро парк" байгуулж ашиглалтад оруулсан. Бас "Жимс жимсгэнэ" хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхийн зэрэгцээ өрх бүрт жимсний мод тариалах санаачлага амжилттай өрнөж буй юм.   

Анх 1959 онд Ховд аймгийн Булган суманд жимсний тариалалт хийж, 30 гаруй сортыг амжилттай нутагшуулжээ. Тодруулбал, социализмын үед Монгол орон даяар алим тарьж, нутагшуулах чиглэлээр ажилласан олон газар байсан. Үүнээс алим тариалах уламжлалыг хадгалж үлдсэн бүс нутгийн нэг бол Булган сум юм. Өөрөөр хэлбэл, 1959 онд “Жимс ой турших станц” байгуулагдаж, Минжит булганы жимсний аж ахуй хэмээн орон даяар алдаршиж байв.

Тухайн үед Сэлэнгэ аймгийн Шаамарын жимс ногооны аж ахуйгаас алимны олон төрлийн суулгац авч ирж, эрдэм шинжилгээний ажил хийж тариалсан нь эдүгээ 60 жил нутагшин ургаж буй юм. 

Булган суманд торниун буюу том алимны дөрвөөс таван сорт тариалдаг. Энэхүү сорт дундаас Монгол орны хөрсөнд дасан зохицож чадсан нутгийн брэнд болох “Минжит булган” сортыг гаргажээ.

“Минжит бупган” сортын давуу тал нь Монголын эрс тэс уур амьсгалд тэсвэртэй, өндөр ургац өгдөг. Ширхэг алим 190-200 гр жинтэй ба нэг модноос 50-60 кг жимс гардаг аж. Амт нь бусад сортынхоос онцгой. Харин бэсрэг болон давжаа алимны 10 орчим сорт бий.


Ховд аймгийн Булган сумын алим амт, чанараараа алдартай...

Булган сумын ахмад багш Хүрлээгийн Бадамсид сургуулийнхаа туршлагын талбайн 18 га газарт хүүхдүүдийн хүчээр алим, жимс жимсгэнэ, төмс хүнсний ногоо  тариалж, Улаанбаатар хотод үзэсгэлэн гаргасан байдаг.

Тухайн үеийн Хүүхдийн төлөө фондын дарга Цэдэнбал Филатова ирж сонирхон нэг кг улаан "мерьлба" сортын алим худалдан авсан байна. Удалгүй туслах нь ирж, үлдэгдэл 36 кг алимыг бүгдийг нь худалдан авсан түүх бий. Иймд Булган сумынхан уг сортын алимыг “Филатовагийн таалсан улаан хацарт” хэмээн  нэрлэдэг аж.

Нас гүйцсэн модноос дунджаар 35 кг алим хураах бөгөөд Монголд бүртгэгдсэн дээд амжилтууд олон бий.  Жишээлбэл: Ховд аймгийн Булган суманд тарьсан Грушовка Московская сортын торниун алимны модноос 56.9 кг хурааж байсан түүхтэй.

Ийнхүү алим, жимс жимсгэний тариалалтаараа манлайлж буй Булган сумын зарим тариаланчдын ажил үйлс, цаашдын зорилтыг сурвалжиллаа. 

Х.Балжинням: Ховдынхон эрүүл хөрсөнд тарьсан алимаа “брэнд” болгоход тун ойрхон байна

Одоогийн байдлаар зөвхөн Ховд аймгийн Булган суманд алим тарьж, алимны мод үржүүлж байгаа. Тэгвэл цаашид Ховд аймгийн бусад 10 орчим суманд алим жимс тарих замаар эрүүл хөрсөн дээр ургасан, химийн найрлагагүй, экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх боломж нээлттэй байна гэж “Булган голын алим” ХХК-ийн захирал, тус сумын Жимсчдийн холбооны тэргүүн Х.Балжинням онцоллоо.

Тэрбээр энэ жил “Аймгийн аварга тариаланч” цол хүртсэн бөгөөд 1991 оноос эхлэн газар тариалангийн салбарт ажиллаж буй юм. Тэр дундаа алимны төрлийн мод үржүүлэх, тариалалтын чиглэлээр 9 дэх жилдээ тасралтгүй ажиллаж байна.


Х.Балжинням: “Манай “Булган голын алим” ХХК нь тогтмол ба улирлын чанартайгаар дөрвөн хүнийг ажлын байраар хангаж байна. Ховд аймгаас гадна Увс, Говьлтай, Сэлэнгэ зэрэг аймагт алимны модны суулгац нийлүүлж байгаа. Бид нийт 1.2 га талбайд тариалалт хийдэг. Энэ жилийн тухайд шинээр 400 гаруй алим жимсний мод тарьсан. Энэ нь нэгээс зургаан настай моднууд юм. Ер нь алим тарих гэдэг урт хугацаа шаарддаг ажил. Нэг алимны модыг тав орчим жил арчилж байж үр жимсээ өгч эхэлдэг.

Энэ жил манай компанийн хамт олон 500 орчим кг ургац хураан авах төлөвлөгөөтэй байгаа. Одоогоор торниун, бэсрэг, давжаа алимны мод зэрэг 2000 орчим суулгац бэлэн болсон. Удахгүй зах зээлд нийлүүлэх ба  эхний захиалгууд ирж байна. Бид 1959 онд Булган суманд нутагшсан 30 гаруй сортноос хамгийн амт, чанар сайтай шилмэл 10 сортыг өдгөө тариалалтад ашиглаж байгаа юм. Алимны модны суулгац авахыг хүсвэл  99430327, 99014166  утасаар холбоо барих боломжтой” гэж ярив.

Мөн тэрбээр “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэгчилэн маш хурдан сэтгэж, залхуурахгүй хөдөлмөрлөж  чадвал хөгжих боломж нээлттэй байна. Алимны аж ахуй эрхлэхэд ойрын 20 орчим жилд ямар ч өрсөлдөгчгүй хөгжиж чадна. Алим тарих гэдэг бол цаг хугацаатай уралдана гэсэн үг. Маргааш хийнэ гэж хойш тавих ажил биш. Бид алимыг нэг кг тутамд 8-10 мянган төгрөгөөр борлуулдаг. Ингээд нутгийн иргэд маш таатай хүлээн авч байна. Дэлгүүрт тавихаас өмнө талбай дээр ирж  шууд худалдан авалт хийчихдэг. Одоогийн байдлаар бид сумынхаа дотоодын хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна. Төр засгаас бодлогоор дэмжин хөгжүүлэхэд Ховдынхон эрүүл хөрсөнд тарьсан эко алим жимсээ “брэнд” болгох цаг үе тун ойрхон байна.

Өрхийн хэмжээнд гэвэл хамгийн багадаа 100 мод тарьцгаая. Тодорхой хугацааны дараа 100 модноос жилд дунджаар 3.5 тн алим буюу 27 сая төгрөг олох боломж бүрдэнэ. Үр шимийг нь хүртээд ирэхээр нэг өрх цаашид бизнесээ өргөжүүлж, олон мод  нэмж тарих боломжтой. Ингэснээр Монгол орон алим жимсээ өөрсдөө тарьж дотоодын хэрэгцээгээ хангах, цаашлаад экологийн цэвэр бүтээгдэхүүн боловсруулан савлаж гадаад оронд гаргах замаар ахуй амьдралаа дээшлүүлэх боломж байгаа талаар би судалж мэдсэн. Үүнийг сум орон нутгийн удирдлага болон залуу үеийнхэнд танилцуулж, зөвлөн тусалж ажилласаар ирлээ. Цаашид айл өрх болон аж ахуйн нэгжүүд нэгдэх замаар бүх суманд алим жимс тарьж, Ховд нутгаа алимны диваажин болгоцгооё хэмээв.   

 

 

Холбоотой мэдээ