"Чөлөөлөх дайн-1945. Монгол Улсын тусгаар тогтнол" хурал хийх талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-07-29 17:46:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Холбооны "Россотрудничество" агентлаг БХЯ-ны Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн дэргэдэх Эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран "Чөлөөлөх дайн-1945. Монгол Улсын тусгаар тогтнол" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах талаар өнөөдөр санал солилцов. 

Хурлыг "Россотрудничество" агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын санаачилгаар, дэлхийн II дайны төгсгөл, 1945 оны Чөлөөлөх дайны 75 жилийн ойн хүрээнд энэ оны 9 дүгээр сард хийхээр төлөвлөж буйг ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, "Россотрудничество"-ийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Базархандаев Амгалан хэллээ. Тэрээр,  "Бид цэргийн түүх судлаач эрдэмтдийг оролцуулах уг хуралд тавигдах олон улсын эрдэмтдийн илтгэлийг товхимол болгон нийтлэхийг зорьж байна" гэв. 



Мөн эх орны дайны жилүүдэд Монголын ард түмнээс Зөвлөлтийн ард түмэн, Улаан армид үзүүлсэн эд материалын тусламж, сэтгэл санааны асар их дэмийг дахин сануулах архивын ховор баримт, гэрэл зураг, дүрс бичлэгийг дэлгэсэн цогц үзэсгэлэнг хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна. Энд Монгол Улсын БХЯ, түүний харьяа Эрдэм шинжилгээний хүрээлэн, Цэргийн түүх судлалын төв, Цэргийн архив, Цэргийн музей дэмжлэг үзүүлж оролцоно гэдэгт найдаж байгаагаа Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалахын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, хошууч Т.Сүхбаатарт илэрхийллээ.

"Монгол Улс 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсоноор дэлхийн тавцанд олон улсын харилцааны эрх зүйн нэгэн субъект болохоо харуулж, тусгаар тогтнолоо баталгаажуулсан улс төрийн өндөр ач холбогдолтой, түүхэн үйл явдал болсон юм" гэдгийг А.Р.Базархандаев цохон тэмдэглэв.

Холбоотой мэдээ