Алтанбулаг боомтоор хил нэвтрэгсдийн дийлэнх нь Монголд ажилладаг орос багш нар байна

Монголын мэдээ | Нийгэм
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-11 13:13:41
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын Шуурхай штабын өнөөдрийн хэвлэлийн хурлын үэер ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг гадаадаас иргэдээ татах ажлын талаар мэдээлэл өглөө.


Энэ сарын 7-10-ны өдөр ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй иргэдийг Алтанбулаг боомтоор татан авах ажлыг зохион байгуулсан. Дөрөв хоногт нийт 286 иргэн хил нэвтэрснээс 81 нь манай улсын иргэн, үлдсэн нь Монголын боловсролын байгууллагад ажилладаг ОХУ-ын багш ажилчид, тэдгээрийн гэр бүл байна.


Өнөөдрийн байдлаар, БНХАУ-аас 160 иргэн нутаг буцах хүсэлт гаргаад байна. Тэдгээр иргэдийг ойрын хугацаанд буюу урьдчилсан байдлаар энэ сарын 18-нд Замын-Үүд боомтоор татан авахаар төлөвлөж байгаа аж. 


Манай улс энэ сард 14 удаагийн тусгай нислэг үйлдэж, нийт 4000 орчим иргэнийг онгоцоор болон авто замаар татан авахаар төлөвлөжээ. Үүнээс эхний 10 хоногт 1700 орчим иргэнээ татан аваад байгаа юм. 


ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: "Нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо буурахгүй байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 55 улсаас 12700 гаруй иргэн нутаг буцах хүсэлт ирүүлээд байна. Өнгөрсөн хугацаанд бид 50 гаруй орноос 17 мянга гаруй иргэнээ татан авсан. Хүсэлтээ гаргасан зарим иргэд 20, 30-аараа хүсэлтээ цуцлах тохиолдол гарч байна. Энэ тохиолдолд дараагийн иргэдийн нэрсийг зарлах ажлыг шуурхай зохион байгуулж байна. Бидэнд ирсэн мэдээллээр дэлхийн 10 бүс нутагт хүнд нөхцөлд орсон элэг нэгтнээ гэртээ байлгах, хүнсний тусламж үзүүлэх зэргээр санаачилга гарган дэмжиж буй хувь хүн, ТББ-уудад ГХЯ-ны нэрийн өмнөөс талархал илэрхийлье" гэв. 



Холбоотой мэдээ