Улирлын томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн бэлтгэлийг бүрэн хангахыг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цар тахлын үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, ачааллыг хуваарилах болон улирлын томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, дэгдэлтийн үеийн бэлэн байдлыг хангах чиглэлээр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан улсын болон дүүргийн эмнэлгүүдийн удирдлагуудтай өнөөдөр хуралдлаа.
Ирэх 10 дугаар сараас
дэгдэх улирлын томуу, томуу төст өвчний бэлтгэл ажлын хүрээнд хоёрдугаар
шатлалын буюу дүүргийн эмнэлгүүдийн орны хүрэлцээг нэмж, шаардлагатай
тохиолдолд нэмэлт ор гаргах чиглэлээр аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахаар
болжээ. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд
2852 хүүхдийн ор бэлдэж, нэмэлтээр цэцэрлэг, зочид буудал гэх мэт эрүүл мэндийн
бус байгууллагад 750 орны нөөцийг бүрдүүлэх аж.
Хуралдаанаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга
Л.Зэндмаа “Томуугийн
дархлаажуулалтад 2019 онд эрсдэлт бүлгийн хүмүүс, жирэмсэн, цэцэрлэгийн
хүүхдүүд болон сайн дурын нийт 100 мянга гаруй хүнийг хамруулсан бол 2020 онд
394 мянган хүн тунгаар захиалга өгч ажиллаж байна. Түүнчлэн 2019 онд Уушгины
хатгалгааны эсрэг вакцинд 21078 хүүхдийг хамруулсан бол 2020 оны эхний хагас
жилд 11757 хүүхдийг хамруулаад байна” хэмээн танилцууллаа.
Хуралдааны төгсгөлд Эрүүл мэндийн сайд эмнэлгийн удирдлагуудад улирлын
томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн бэлтгэл ажлуудаа бүрэн хангах, олон
нийтэд урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл, зөвлөмжийг сайн хүргэхэд анхаарахыг
үүрэг болголоо.
Түүнчлэн ЭМЯ-наас
энэ жилийн хувьд 1.3 сая хүнийг томуугийн вакцинаар хангахаар төлөвлөжээ.