Ливаны шинэ Ерөнхий сайдыг томилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-09-01 09:26:11

БЕЙРУТ. /Euronews/. Ливаны шинэ Ерөнхий сайдаар тус улсаас Герман улсад суугаа Элчин сайд Мустафа Адибыг томилжээ.


Ливаны Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байсан дөрвөн хүн Ерөнхийлөгч Мишель Аун болон парламентын бүлгүүдтэй зөвлөлдөхийн өмнө гаргасан хамтарсан мэдэгдэлдээ М.Адибыг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Ливаны эрх мэдэл хуваарилах тогтолцооны дагуу Ерөнхий сайд Лалын шашны Суннит урсгалыг шүтдэг хүн байх ёстой ажээ.


Хууль зүй, улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан М.Адиб Ливанаас Германд суугаа Элчин сайдын үүргийг 2013 оноос хойш гүйцэтгэж байгаа юм. Мөн тэрбээр өмнө нь Ерөнхий сайд асан Нажиб Микатийн зөвлөхөөр ажиллаж байжээ.


Ливаны нийслэл Бейрут хотод наймдугаар сарын 4-нд хүчтэй дэлбэрэлт болсны улмаас хотын тэн хагас орчим нь сүйдэж, 190 хүн амиа алдаж, олон мянган хүн гэмтсэнээс хойш Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон тус улсад хоёр дахь удаагаа айлчлахаас өмнөхөн дээрх томилгоог хийжээ.


Ливаны Засгийн газар Бейрутын боомтод зүй бусаар хадгалагдаж байсан аммонийн нитратаас үүдэлтэй дэлбэрэлт болсны дараа огцорсон билээ. 

Холбоотой мэдээ