Энэтхэгийн Ерөнхийлөгч асан П.Мукержи таалал төгсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-09-01 13:53:57

ШИНЭ ДЕЛИ. /CNN/. Энэтхэгийн Ерөнхийлөгч асан Пранаб Мукержи 84 насандаа таалал төгссөнийг түүний хүү Абхижит Мукержи “Twitter” хуудсаараа дамжуулан даваа гарагт мэдэгджээ.


П.Мукержи наймдугаар сарын эхээр тархины мэс засалд орсноосоо хойш ухаангүй байсан бөгөөд коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарсан байжээ. Түүнийг таалал төгссөнтэй холбогдуулан Энэтхэг даяар долоон хоногийн гашуудал зарласан байна.


Ерөнхийлөгч агсанд хамгийн эхэнд хүндэтгэл үзүүлсэн хүмүүсийн дунд Ерөнхий сайд Нарендра Моди байсан бөгөөд тэрбээр Ерөнхий сайдаар ажиллаж эхэлснээсээ хойш П.Мукержийн зөвлөгөөг авч байсандаа баяртай байгаагаа илэрхийлжээ.


П.Мукержи 2012-2017 онд Энэтхэгийн Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашсан бөгөөд тэрбээр сүүлийн 50 орчим жилийн хугацаанд гадаад хэрэг, батлан хамгаалах, худалдаа, сангийн сайдын албыг тус тус хашиж байжээ. Түүний нас барсан шалтгааныг одоогоор олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлээгүй байна. 

Холбоотой мэдээ