А.Лукашеко: "Би зүгээр ч нэг явчихгүй”

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-09-09 09:20:40

МОСКВА. /TASS/. Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Оросын хэвлэлүүдэд ярилцлага өгчээ. Тэрбээр Беларусьт болж буй жагсаалын ард хэн байгаа талаар санал бодлоо илэрхийлж, сөрөг хүчний Зохицуулах зөвлөлийн тавьсан саналуудад тайлбар өгч, ОХУ-тай хийж буй харилцааны  талаар хөндөв.


Жагсаалын тухайд

  • Беларусь улсад болж буй эмх замбараагүй байдлын ард АНУ байгаа гэж Лукашенко үзэж байна. Ингэхдээ Польш, Чех дэх төвүүдээр дамжуулан ажиллаж байгаа аж. Үүнээс гадна, тэрбээр Беларусьт хоёр шинэ үе өсөж, "эрх мэдлийг хүсдэг" хөрөнгөтний "жижиг анги бий болсон гэв.
  • Беларусийн удирдагчийн хэлснээр, жагсаалын үеэр цагдаагийн тусгай хүчнийхний гаргасан хатуу ширүүн үйлдэл нь тэдний сэтгэл ихээхэн хөдөлсөн байсантай холбоотой байсан бөгөөд тухайн үед хүчнийхэн “улс орноо хамгаалжээ”.
  • Гудамжинд гарч байгаа хүмүүсийн ихэнх нь "20 жилийн өмнө улс орон нь ямар байсныг санахгүй байгаа" бол нөгөө хэсэг нь "мартсан" гэж Лукашенко үзэж байгаа аж.
  • Лукашенко Беларусийн хүн амын зарим хэсгийнх нь дэмжлэгийг аваагүйд харамсаж буйгаа илэрхийлэв. Тэрбээр "гудамжны хүмүүстэй бус" үйлдвэрүүд, хөдөлмөрийн нэгдлүүд дэх дэмжигчид болон эсэргүүцэгчидтэйгээ яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.


ОХУ-тай хийж буй харилцааны тухайд

  • Лукашенко ОХУ-тай нэгдэх үйл явцыг үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.  Гэхдээ “эхлээд Холбоотон улсын хүрээнд аль хэдийнээ байгуулагдсан институтүүд бодитоор ажиллаж, төслүүдийг үнэхээр хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэж тэрбээр хэлжээ.
  • Беларусьт болж буй эсэргүүцлийн ажиллагааны ард байгаа хүмүүс ОХУ-ыг онилж байгаа гэж тэрбээр хэлсэн байна. “Танай улсад ч бас удахгүй улс төрийн тодорхой үйл явдлууд болж магадгүй. Оросын истеблишмент-үүд, удирдлагуудтай хамт бид юунд хүрснийг мэдэх үү? Хэрэв өнөөдөр Беларусь нурвал Орос дараагийнх нь болно” гэж Лукашенко хэлээд оросуудыг сэтгэл тайвшрахгүй байхыг уриалжээ.


Беларусийн сөрөг хүчний талаар

  • Беларусийн удирдагч сөрөг хүчний Зохицуулах зөвлөлтэй ойлголцох бодолгүй байна. Учир нь тэрбээр “эдгээр хүмүүсийн хэн болохыг” мэдэхгүй бөгөөд тэднийг сөрөг хүчин гэж үзэхгүй байгаа аж. Түүний хэлж байгаагаар, "тэдний санал болгож буй бүх зүйл нь Беларусь болон Беларусийн ард түмний хувьд гамшиг учруулна. Тэд ах дүүсийн харилцаатай Орос улсаас харилцаагаа таслахыг хүсэж байна, тэд боловсрол, эм тариаг төлбөртэй болгохыг хүсэж байна".
  • Беларусийн сөрөг хүчний Зохицуулах зөвлөлийн гишүүн Мария Колесниковаг улсын хилээр гарахыг завдсан нөхцөл байдлыг мэдэж байсан бөгөөд түүнийг цагдан хорих нь зөв гэж үзэж байгаа аж.
  • Лукашенкогийн хэлснээр, Беларусийн эрх баригчид өмнө нь хоёр улсын хилийг давсан сөрөг хүчний гишүүд болох Иван Кравцов, Антон Роднеков нарыг шилжүүлэн авах талаар Украинтай хэлэлцээ хийж байгаа аж.  


Үйл ажиллагаа, цаашдын зорилгын тухайд

  • Лукашенко ерөнхийлөгчийн суудалд “удтал сууснаа” зөвшөөрчээ. Гэхдээ тэрбээр  зөвхөн одоо л беларусьчуудыг хамгаалж чадна гэж үзэж байна.
  • Беларусийн Ерөнхийлөгч албан тушаалаасаа “зүгээр ч нэг яваад өгөхгүй” гэдгээ мэдэгдэв. “Би Беларусь улсыг 25 жилийн турш байгуулсан. Энэ бүхнийг зүгээр ингээд орхихгүй. Түүнээс гадна, хэрэв би явах юм бол миний дэмжигчдийг тасчих болно! " гэж тэрбээр хэлжээ.
  • Беларусьчуудын олонх нь өөрөөс нь "залхаж байж" магадгүй хэдий ч Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Беларусийн иргэдийн дийлэнх нь түүнийг дэмжсэн гэж Лукашенко мэдэгдсэн байна. 
  • Тэрбээр "олон сая, тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөгүй” гэдгээ батлан хэлсэн байна. "Би Украины Ерөнхийлөгч асан Петр Порошенко биш, надад хэдэн сая, тэрбум байхгүй. Гэхдээ надад байсан ч гэсэн би улсаасаа хэзээ ч явахгүй" гэж тэрбээр хэлжээ.
  • Сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаалын дараа гартаа автомат буу барьсаар олны өмнө гарч ирснээ тэрбээр “хаашаа ч зугтаагүй” бөгөөд “улс орноо эцсээ хүртэл хамгаалахад бэлэн байгаа” гэдгээ харуулсан аж.  


Холбоотой мэдээ