В.Путин БНАСАУ-ын удирдагчид баярын цахилгаан илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-09-09 14:11:41

ТОКИО. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНАСАУ байгуулагдсаны 72 жилийн ойг тохиолдуулан тус улсын удирдагч Ким Жөн Унд баярын цахилгаан илгээсэн тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ.


БНАСАУ байгуулагдсаны ой өнөөдөр тохиож байгаа юм. KCNA-гийн мэдээлэлд дурдсанаар, “Ерөнхийлөгч Путин илгээлтдээ БНАСАУ байгуулагдсаны 72 жилийн ойг тохиолдуулан Ким Жөн Ун даргад хамгийн сайн сайхныг хүсэж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр ОХУ, БНАСАУ уламжлалт найрсаг, сайн хөршийн харилцаатай болохыг онцлон дурдаад хоёр талын бүтээлч яриа хэлэлцээ болон харилцан ашигтай хамтын ажиллагаа нь хоёр орны ард түмний ашиг сонирхолд нийцэж байгааг онцлон тэмдэглэсэн байна".


Путин мөн Москва, Пёньяны хамтын ажиллагаа “Солонгосын хойг болон Зүүн хойд Азийн тогтвортой байдлыг хангахад хувь нэмрээ оруулдаг болохыг онцоллоо” гэж тус агентлаг цохон тэмдэглэжээ.


1910 оноос хойш Японы эрхшээлд байсан Солонгосын хойг нь Дэлхийн II дайны төгсгөлд Зөвлөлтийн мэдлийн хойд, Америкийн мэдлийн өмнөд гэсэн хоёр хэсэгт хуваагдсан билээ.  38 дугаар өргөргөөс өмнөх нутагт АНУ хяналтаа тогтоосон бөгөөд 1948 оны наймдугаар сарын 15-нд БНСУ-ыг байгуулжээ. ЗСБНХУ-ын мэдэлд байсан хойгийн хойд хэсэгт Зөвлөлтийг дэмжигч коммунист засгийн газар байгуулагдаж, 1948 оны есдүгээр сарын 9-нд БНАСАУ байгуулагдсан байна.

Холбоотой мэдээ