2020-2021 оны хичээлийн жилд есөн зорилт дэвшүүлжээ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-09-11 20:40:10
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн босгон дээр Дундговь аймгийн багш нар бага хурлаа хийж, есөн зорилт дэвшүүлжээ.

Аймгийн багш нарын 72 дахь удаагийн бага хурлаар, 2019-2020 оны хичээлийн жилд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг дүгнэж, ирэх хичээлийн жилийнхээ зорилтыг тодорхойлсон байна.

Тус хичээлийн жилд “Хүүхдийн сурах үйлийг дэмжиж, сурлагын хоцрогдолгүй сургахад бүх талын оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлж, тэдний хөгжил төлөвшил, сурлагын амжилт, чанарт ахиц гаргах, багш мэргэжлээрээ тасралтгүй хөгжих боломжийг бүрдүүлэх” зорилгыг дэвшүүлжээ. Тус зорилгыг хангах чиглэлээр есөн зорилтыг дэвшүүлж, түүнийг хэрэгжүүлэх нэгдсэн чиглэлийг бага хурлын тогтоолоор батлан гаргасан аж.

Мөн бага хурлаар 2019-2020 оны хичээлийн жилийн зорилтын хэрэгжилтийн үр дүн, ЭЕШ-ын үнэлгээ, анхаарах асуудал, боловсролын талаар баримтлах бодлого, чиглэл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад анхаарах асуудал болон бага боловсрол, тусгай хэрэгцээт боловсрол, сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр, сурах бичиг, хамран сургалт зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

2016-2020 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд боловсрол, соёлын салбарт 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, шинээр гурван сургууль, таван цэцэрлэг, хоёр дотуур байр ашиглалтад оржээ.

Мөн ирж буй хичээлийн жилд Сайнцагаан сумын нэгдүгээр цэцэрлэг, Өндөршил сумын цэцэрлэг, Луус сумын дотуур байр ашиглалтад ороход бэлэн болоод байгаа аж.

Бага хурлын үеэр боловсролын салбарт хэрэгжүүлсэн “Хүүхдэд ээлтэй дотуур байр”, “Математик”, “Байгалийн ухаан”, “Үндэсний бичиг” зэрэг  дэд хөтөлбөрүүдийг тодорхой үр дүнд хүрч, үр өгөөжөө өгсөн хэмээн  онцолжээ.

Өнгөрсөн хичээлийн жилд Элсэлтийн ерөнхий шалгалтад дэмжлэг үзүүлэх зорилгоор ЭЕШ өгөх 412 хүүхдэд “Багшийн туслах- 800”, “smart.edu.mn” зэрэг цахим сургалтын сайтыг ашиглахад нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс нийтдээ  30 гаруй  сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. 

Холбоотой мэдээ