Путин, Трамп, Лукашенко нар Шнобелийн шагналыг хүртжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-09-18 11:46:21

НЬЮ-ЙОРК. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Беларусийн төрийн тэргүүн Александр Лукашенко нар болон өөр таван улсын удирдагч шинжлэх ухааны салбарт инээд хүрэм нээлт хийсэн болон стандарт бус санаануудад олгодог Шнобель буюу "Ig Nobel Prize" шагналын эзэд болжээ.


Ялагчдыг жил бүр АНУ-ын Массачусетс муж улсын Харвардын Их Сургуульд зарлаж, шагналыг гардуулдаг боловч цар тахлын улмаас энэ жил 30 дахь удаагийн шагнал гардуулах ёслолыг “improbable.com” цахим хуудсаар шууд дамжуулсан байна.


“Энэ жил анагаахын боловсролын шагналын эздээр Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор, Беларусийн төрийн тэргүүн Александр Лукашенко, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркменистаны удирдагч Гурбангулы Бердымухамедов нар тодорсон. Эрдэмтэд, эмч нараас илүүтэй улстөрчид үхэл, амьдралд нөлөөлж болохыг дэлхий нийтэд ойлгуулахын тулд коронавирусний цар тахлыг ашигласных нь төлөө энэхүү шагналыг тэдэнд олгосон” гэж шагналыг үүсгэн байгуулагч, “Ер бусын судалгаануудын хураангүй” сэтгүүлийн редактор Марк Абрахамс мэдээлжээ.   


"Ялагчид өнөөдөр бидэнтэй хамт байж чадахгүй, хамт байх ч үгүй" гэж шагнал гардуулах ёслолын хөтлөгч хэлээд "олон нийтийн алга ташилтыг хориглосныхоо" төлөө 2013 онд Шнобелийн Энх тайвны шагналыг хүртсэн Лукашенкод "онцгой баяр хүргэжээ".


Нобелийн эсрэг шагнал гэж нэрлэгддэг эл ер бусын шагналыг “эхлээд инээлгээд дараа нь бодоход хүргэдэг амжилтад” олгодог аж. Уг шагналыг “Ер бусын судалгаануудын хураангүй” сэтгүүл 1991 онд Нобелийн шагналын элэглэл болгон үүсгэн байгуулсан байна. 


1999 оноос 10 төрлөөр олгох болсон уг шагнал физик, хими, анагаах ухаан, уран зохиол, энх тайван, эдийн засаг  зэрэг  шинжлэх ухааны зургаан төрлөөрөө Нобелийн шагналтай ижилхэн болсноос гадна жил жилдээ зохион байгуулагчдын санаачилгаар өөрчлөгддөг дөрвөн төрлөөрөө ялгаатай аж.  


Холбоотой мэдээ