Гэр хорооллын айл өрхөд интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-09-23 15:27:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн гэр хорооллын айл өрхөд шилэн кабельд суурилсан интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар хамтран ажиллах санамж бичигт Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, "Юнивишн" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхбат нар гарын үсэг зурав.

Нийслэлийн Засаг даргаас 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан мэдээллийн хүртээмжийн тэгш бус байдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын нэг нь Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд дэд бүтцийг хөгжүүлэх юм. Үүний хүрээнд гэр хорооллын айл өрхөд шилэн кабельд суурилсан интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд Юнивишн компанийн хэрэгжүүлж буй ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор ийнхүү хамтран ажиллахаар болов.

Ингэснээр гэр хорооллын бүсэд амьдардаг иргэд болон ААН, төрийн байгууллагууд өндөр хурдны интернэтэд холбогдон өдөр тутамдаа мэдээллээс хоцрохгүй болж эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн үйлчилгээг цаг алдалгүй хүлээн авах боломж бүрдэх аж. Цаашлаад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр боломжит бүх газруудад камерын хяналтыг нэвтрүүлэх боломжтойг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

НҮБ-ын Мэдээлэл технологийн холбооны судалгаагаар хотын зах буюу гэр хороолол, хөдөө орон нутагт амьдарч буй иргэдийн интернэтийн хурд бага байдгаас шалтгаалан мэдээллээс хоцрох, мэдээллийн хүртээмж төвийн бүсэд амьдардаг хүмүүсээс 25-50 дахин хоцрогдолтой байдаг нь тогтоогджээ.


Холбоотой мэдээ