МОНЦАМЭ агентлагийг ОХУ-ын ГХЯ-ны талархлын бичгээр шагналаа

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2020-09-29 15:14:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөлөх дайн болон Аугаа их Эх орны дайнд ялалт байгуулсны 75 жилийн түүхэн ойг тохиолдуулан зохион байгуулсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон Монгол Улсын хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сэтгүүлчдийг ОХУ-ын Гадаад хэргийн яамны талархлын бичиг, хүндэт өргөмжлөлөөр шагналаа. Шагналыг ОХУ-ын ЭСЯ-ны зөвлөх, ОХУ-ын Холбооны "Россотрудничество" агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн А.Р.Базархандаев гардуулав.

Үүнд, Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлаг, тус агентлагаас орос хэлээр эрхлэн гаргадаг "Новости Монголии" сонин, МҮОНРТ-ийн "Монголын мэдээ" суваг, “Хурд” агентлаг, Кино, орчуулгын нэвтрүүлгийн алба, MNB.MN сайт, "UBS" болон “ТВ 8” телевиз, Монгол Улсын БХЯ-ны дэргэдэх "Дуулга" студи, Zindaa.mn сайтын төлөөлөгчид шагнууллаа.


Чөлөөлөх дайн болон Аугаа их Эх орны дайнд ялалт байгуулсны 75 жилийн түүхэн ойг тохиолдуулан ОХУ-ын "Россотрудничество" агентлагийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн газраас санаачлан “Дэлхийн II дайны төгсгөл: Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд энэ сарын 2-нд зохион байгуулсан юм. Энд Монгол, Оросын түүх судлаач 20 гаруй эрдэмтэн, шинжээч оролцож, илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд нийтдээ цэргийн 40 гаруй түүхчийн илтгэлийг нэгтгэн товхимол болгон хэвлүүлэхээр болсон юм.

Үүнээс гадна Архивын ерөнхий газар, Үндэсний төв архив, Батлан хамгаалахын төв архив, ТЕГ-ын Тусгай архив, ХХЕГ-ын Улсын хилийн музей, Монгол цэргийн музей, ЗХУ-ын маршал Г.К.Жуковын дурсгалын музей хамтран “Тусгаар тогтнолын үнэ цэн” үзэсгэлэнг зохион байгуулсан юм.

Чөлөөлөх дайнд ялалт байгуулахад Монголын цэрэг эрсийн гүйцэтгэсэн гавьяат үйлсийг мөнхжүүлэх, ирээдүй хойчид дахин сануулах, сурталчлах, хүүхэд, залууст үндэсний бахархалт үзлийг төлөвшүүлэх зорилготой Оросын шинжлэх ухаан, соёлын төвд дэлгэсэн уг үзэсгэлэнд түүхийн хосгүй баримт бичиг, гэрэл зураг, дүрс бичлэг бүхий үзмэрийг гарган тавьсан юм.


Холбоотой мэдээ