Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-10-05 10:51:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн яг одоо нийслэлийн "Хангарди" ордноо болж байна. 

Хуралдааны эхэнд нийслэлийн холбогдох зарим харьяа газар, нэгжийн удирдлага хуралдаанд ирэхгүй байгаад Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан шүүмжлэлтэй хандаж, хариуцлага хүлээлгэхээ мэдэгдлээ. 

Өнөөдрийн хуралдаанаар нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ. Өнгөрсөн 2 удаагийн шуурхай зөвлөгөөнөөр 31 үүрэг даалгавар өгснөөс 82.6 хувийн гүйцэтгэлтэй байгааг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулав.


Зөвлөгөөнөөр Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, нийслэлийн хөрөнгө оруулалтаар барьсан 5, түрээсийн 35 агуулах, хангамжийн 30 бааз, "Тавантолгой түлш" ХХК-ийн 57 саравч, нийт 127 агуулахад 72 мянган тонн түлш нөөцөлсөн талаар мэдээллээ. Өнөөдрийн байдлаар сайжруулсан түлшний борлуулалтын 300 цэг ажиллаж байна. Мөн энэ сарын 1-5-нд 9700 тонн түлш тээвэрлэж, борлуулалтын цэгт хүргэжээ. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх хүрээнд ажлын хэсэг байгуулагдаж, эрсдэлийн үнэлгээ хийж байна. Гадаад, дотоод температурын зөрүү нэмэгдсэнтэй холбоотойгоор угаарын хий мэдрэгч болон яндан зуухны зөв галлагаатай холбоотой зөвлөмж, мэдээллийг айл өрхүүдэд хүргэж ажиллаж байна гэв.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд холбогдох байгууллагууд хөрөнгө оруулалтын ажлаа энэ сарын 15 гэхэд дуусгахыг үүрэг болгов.

Хуралдаанаар шинээр томилогдсон Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон НБОГ-ын дарга нарыг мөн танилцууллаа. 


Холбоотой мэдээ