Иранд тавьсан зэвсгийн хориг цуцлагдсаныг мэдэгджээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-10-19 10:07:16

ТЕХРАН. /IRNA/. Техраны эсрэг зэвсгийн хориг 10 дугаар сарын 18-наас эхлэн үйлчлэхээ больж, Иран улс зэвсэг худалдаж, худалдан авах боломжтой боллоо гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдээлэв.


Иранд ердийн зэвсэг нийлүүлэх, мөн экспортлоход тавьсан хориг ням гарагт дуусгавар болсон байна. Энэ өдөр Ираны цөмийн зэвсгийн хөтөлбөрийн эргэн тойрон дахь нөхцөл байдлыг зохицуулах Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө /ҮАХЦТ/ хүчин төгөлдөр болсноос хойш яг таван жилийн хугацаа өнгөрч буй юм. 


“Ням гаргаас зэвсэг шилжүүлэх, түүнтэй холбоотой үйл ажиллагаа болон санхүүгийн үйлчилгээнд тавьсан бүх хязгаарлалт цуцлагдаж, хориг хязгаарлалт автоматаар зогсож байна”. Мөн Иран улсад нэвтрэхэд тавьсан хязгаарлалт, түүнчлэн манай улсын зарим иргэн, цэргийн албан тушаалтнуудад өмнө нь ногдуулсан НҮБ-ын гишүүн орнуудын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх бүх хориг цуцлагдсан” гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдэв.


Аравдугаар сарын 14-ний өдөр Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани зэвсгийн хоригийг удахгүй цуцлах гэж байгаад тус улсын иргэдэд баяр хүргэжээ. "Цөмийн гэрээ бидэнд юу авчирсан бэ гэдэгт эргэлзэж байгаа хүмүүсийн хувьд хэлэхэд энэ бол энэхүү хэлэлцээрийн үр дүн юм. Ням гаргаас эхлэн бид хүссэн хүндээ зэвсэг зарж, хүссэн хүнээсээ худалдаж авах боломжтой болно" гэж тэрбээр онцлон хэлсэн байна.


АНУ 2018 онд ҮАХЦТ-нөөс гарсны дараа уг гэрээг хадгалж авч үлдэхэд гол хувь нэмэр оруулсан орнуудаас зэвсэг худалдаж сонирхолтой байгаагаа Ираны эрх баригчид нуухгүй байна. “Хориг цуцлагдсаны дараа бид Орос, Хятад зэрэг стратегийн харилцаа тогтоосон улс орнуудын зуучлалтайгаар өөрсдийн хэрэгцээг хангах боломжтой болно” гэж Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф есдүгээр сард мэдэгджээ.


Холбоотой мэдээ