Эво Моралесыг дэмжигч Боливийн ерөнхийлөгчийн сонгуульд ялж байна

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-10-19 15:11:37

БУЭНОС-АЙРЕС. /Unitel/. Боливийн Эдийн засгийн сайд асан Луис Арсе тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд ялж байна. Боливийн Ерөнхийлөгч асан Эво Моралесыг дэмжигч тэрбээр сонгуулийн эхний шатанд ялахад шаардлагатай тооны санал авах магадлал өндөр байгааг экзитпол буюу иргэдийн хийсэн сонголтын талаарх санал асуулгын дүн харуулжээ.


Санал асуулгын дүнгээс үзвэл, Арсе сонгогчдын 52.4 хувийн саналыг авсан бол түүний гол өрсөлдөгч болох Карлос Месад 31.5 хувь нь саналаа өгчээ. Гуравдугаарт, "Бид итгэж байна" барууны эвслээс нэр дэвшигч Луис Фернандо Камачо 14.1 хувийн саналаар орсон байна.


Боливийн Ерөнхийлөгч асан Эво Моралес өмнө нь Арсег сонгуульд ялсан гэж мэдэгджээ. Харин Месагийн нэр дэвшсэн "Иргэний нийгэм" намын төлөөлөгч Рикардо Паз саналын хуудсыг тоолж дуустал хүлээхийг уриалсан байна. Боливийн хуульд зааснаар, эхний шатанд ялахын тулд сонгогчдын 50 хувийн дэмжлэгийг авах эсвэл 40 хувийн санал авсан тохиолдолд хамгийн ойр өрсөлдөгчөөсөө 10-аас доошгүй хувийн зөрүүтэй байх ёстой байна.


Боливийн ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль ням гарагт болжээ. Санал хураах байрууд орон нутгийн цагаар 17:00 цагт хаагдсан байна. 00 цаг 15 минутад саналын хуудсын ердөө 4.54 хувийг тоолсон байдлаар Арсе 32.55 хувь, түүний гол өрсөлдөгч Карлос Меса 51.66 хувийн санал авсан байжээ.


Холбоотой мэдээ