Л.Энх-Амгалан: Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг хэмнэх ёсгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-10-20 17:49:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны ажлын тайланг сонслоо.


Тайланг Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга Т.Мөнхсайхан танилцуулав. 2019 онд Эрүүл мэндийн даатгалын санд 469.4 тэрбум төгрөг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 15.2 хувиар давуулан биелүүлжээ. Үүнээс 426.9 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого бүрдүүлсэн нь төлөвлөгөөнөөс 58.5 тэрбум төгрөгөөр давсан үзүүлэлт аж. Бусад орлогод 39.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээс 42.5 тэрбум төгрөг орж, 3.2 тэрбум төгрөгөөр орлогын төлөвлөгөө давсан байна.


Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, С.Чинзориг, С.Одонтуяа, С.Ганбаатар, Ц.Сандаг-Очир, Б.Жаргалмаа нар асуулт асууж, үг хэллээ.


УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, "2019 онд эрүүл мэндийн даатгалд зарцуулахаар төсөвлөсөн хөрөнгөөс 56.7 тэрбум төгрөг хэмнэсэн байна. Энэ хэмжээний хэмнэлт гарч байгаа нь даатгалын сан зөв тогтолцоогоор ажиллаж чадахгүй байгаа, иргэддээ хүрэхгүй байгаагийн илрэл. Энэ бол хэмнэхийг зорих ёсгүй мөнгө" хэмээсэн юм.


Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн даатгалын сан эмчилж, эдгэрүүлсэн хүний тоогоор нь эмнэлгүүдэд мөнгө өгөх ёстой болохоос байгаа мөнгөө хурааж хуримтлуулах байгууллага биш гээд төрөөс эмнэлгүүдэд өгөх санхүүжилтээ 2022 он гэхэд нэмэх ёстой гэв.


Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил даатгуулагч иргэн ямар эрхтэй, үүрэгтэй байхаас эхлээд бүх нарийн мэдээллийг иргэдэд системтэй танилцуулах ёстой гэдгийг онцлов.

Холбоотой мэдээ