Тунист хүний эрхтэн наймаалдаг сүлжээг илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-10-29 11:37:00

ТУНИС. /Mosaique Fm/. Тунист хүний эд эрхтнийг хууль бусаар худалдаалдаг олон улсын сүлжээг илрүүлсэн талаар тус улсын Загуан хотын захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий прокурор Сами Бен Оуйди мэдээлжээ.


Түүний мэдээлснээр, гэмт бүлгийн гишүүд Тунисын иргэдэд эрхтнээ Туркт зарахад нь тусалдаг байна. Туркээс ирэхдээ 15000 ам.доллар биедээ бэлнээр авч явж байсан нэгэн эрэгтэйг саатуулсны дараа мөрдөн шалгах ажлыг эхлүүлж, гэмт хэргийн сүлжээг илрүүлжээ. Саатуулагдсан этгээд гэмт бүлгийн гишүүдтэй интернэтээр холбогдож, тэдний тусламжтайгаар Туркт бөөрөө зарсныг тогтоосон байна. Гэмт бүлгийн гишүүд уг эрэгтэйн Турк руу нисэх, зочид буудалд байрлах болон бөөр шилжүүлэн суулгахад шаардагдлагатай шинжилгээний бүх зардлыг төлжээ.


Мөрдөн шалгалтын явцад Тунисийн иргэний бөөрийг Туркийн нутаг дэвсгэрт Мавританийн иргэнд шилжүүлэн суулгасан болох нь тогтоогджээ. Ингэхдээ зөвхөн хамаатан садандаа эрхтэн шилжүүлэн суулгахыг зөвшөөрдөг Туркийн хуулийг зөрчихгүйн тулд Тунисийн иргэнийг бөөр шилжүүлэн суулгасан хүний охинтой хуурамчаар гэрлүүлсэн байна.


Баривчлагдсан Тунисийн иргэн шүүх хуралд хохирогчоор оролцжээ. Бөөрөө зарж олж авсан мөнгийг нь эрх баригчид хурааж аваагүй байна.


Холбоотой мэдээ