АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Вьетнамд албан ёсны айлчлал хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-10-29 12:18:33

ВАШИНГТОН. /АР/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Азийн орнуудад хийж буй айлчлалынхаа хүрээнд Вьетнам улсад энэ долоо хоногт айлчилна гэж тус улсын Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Морган Ортэгус мэдээлжээ.


“Төрийн нарийн бичгийн дарга Помпео АНУ-Вьетнамын иж бүрэн түншлэлийн бат бэх харилцааг дахин бататгаж, бүс нутгийн хөгжил цэцэглэлт, энх тайван байдлыг хадгалах хоёр улсын үүрэг амлалт хэвээр гэдгийг нотлох зорилгоор Ханойд айлчилна” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. Гэхдээ тэрбээр АНУ-ын гадаад бодлогын байгууллагын тэргүүн энэ долоо хоногийн яг хэдийд Вьетнамд айлчлахыг тодорхой хэлээгүй ч Помпео Индонезид айлчилсны дараа тус улсад айлчилна гэж цохон тэмдэглэжээ.


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга 10 дугаар сарын 29-нд Вьетнам улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирнэ гэж Вьетнамын Засгийн газрын мэдээллийн цахим хуудсанд мэдээлсэн байна. Түүнийг Вьетнамын шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан айлчлахыг урьжээ.


Помпео Азийн хэд хэдэн орноор хийж айлчлалынхаа хүрээнд лхагва гарагт Энэтхэгээс Шри Ланкад хүрэлцэн очжээ.


Холбоотой мэдээ