Оюутан залууст зориулсан RISE хөтөлбөр энэ оны нээлтээ хийлээ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-10-31 16:29:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХААН банкнаас оюутан залуучуудад зориулсан RISE хөтөлбөрийн 3 дахь удаагийн ээлжит үйл ажиллагааг "White rock" төвд өнөөдөр нээлээ. 

Уг хөтөлбөрөөр ХААН банк амьдралынхаа шинэ үеийг эхлүүлж буй их, дээд сургуулиудын нэгдүгээр дамжааны оюутнуудад бизнес санхүүгийн болон ажиллаж сурч, амьдрах, хүсэл мөрөөдлөө биелүүлж зорьсондоо хүрэхийн тул юу хийж, мөрдөх талаар зөвлөдөг байна. Энэ талаар тус банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Р.Мөнхтуяагаас тодруулбал, "Манай банк "ХААН банк сан"-гаар дамжуулан Тогтвортой хөгжлийг дэмжих нийгмийн хариуцлагын хүрээнд энэ хөтөлбөрийг жил бүр зохиож ирсэн.


Гол зорилго нь улс орны ирээдүй болсон оюутан залуусыг өөрсдийгөө хөгжүүлж, эх орондоо юу бүтээж чадах зорилгоо зөв тодорхойлж, түүндээ хэрхэн хүрэх талаар зөвлөж, хүсэл тэмүүлэл, санаа сэдэл, урам зоригтой, зөв хүн болох дадал зуршилтай болоход тусалдаг. 

Хөтөлбөр аймаг, орон нутгаас ирсэн шинэ оюутан залуусыг нийслэл хоттой танилцуулахаас эхэлдэг. Энэ нь нийслэлийн соёлтой иргэн болгох зорилготой юм" гэдгийг онцоллоо. Тэрээр өнгөрсөн хугацаанд RISE хөтөлбөрт 1800 оюутан хамрагдаад буйг дуулгав. 

Өнөөдрийн RISE хөтөлбөрийн 2020-2021 оны хичээлийн жилийн нээлтэд 400 оюутан оролцож, СЭЗИС-ийн багш Ц.Булган, мэдээллийн “Unread” вэбсайтын үүсгэн байгуулагч А.Ундрал, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ж.Анхбаяр, ХААН банкны цахим банкны газрын захирал Ж.Номин-Эрдэнэ, Дотоод хэргийн их сургуулийн оюутан О.Өгөөмөр-Үжин нар оюутнуудад санаа сэдэл, урам зориг, хүсэл тэмүүлэлдээ хэрхэн хөтлөгдөж хөгжих талаар зөвлөж, өөрдсийн ажил, амьдралын талаар ярилцлаа. Тухайлбал, “Unread” мэдээллийн вэбсайтын үүсгэн байгуулагч А.Ундрал “Хүссэн, хүсээгүй бидний амьдралын нэг хэсэг сошиал орчин болсон. Энэ орчноос өөрт хэрэгтэй, үнэн зөв мэдээлэл олж авах шаардлага үүсдэг. Тухайн хүний мэдрэмж, хандлага маш чухал. Хэрэгцээгүй олон мэдээлэлд төөрч, хайран цаг хугацаагаа алдаж байгаа нь харамсалтай. Тиймээс зөв цагтаа, зөв газраас үнэн зөв мэдээллээр тархиа цэнэглэж байх нь чухал” хэмээн хэлж байв.


Мөн ХААН банкнаас оюутан залуучуудад хандан хуримтлалын аян өрнүүлэхийг уриаллаа. Тус банкны ахлах мэргэжилтэн Н.Тунгалагтамир энэ талаар залууст хандан хэлэхдээ, залуучууд байгаа мөнгө болон оюутны тэтгэмж, орж буй орлогынхоо 50 хувийг хэрэгцээндээ, 30 хувийг өөрийн хүссэн зүйлдээ зарцуулж, 20 хувийг хуримтлуулж байх 50/30/20 гэсэн зарчмыг хэрэгжүүлж байхыг зөвлөлөө. 


Хөтөлбөрийн нээлтээр "U money" картын хэрэглээнээс эхлээд оюутан залууст хэрэгтэй мэдээллийг өгч, "Re-Designed" төвөөс хувцас загвар, гоо сайхны сургалтаа танилцуулж, Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв (НЭМҮТ) эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн авах талаар булан ажиллуулж зөвлөгөө өгч байв.

Нээлтийн үеэр ажиллуулсан "Зорилтын хана" буланд оюутан залуус хүсэл тэмүүллээ бичиж байв. Энд С.Оюун гэсэн охин "Миний зорилго Герман улсад суралцах тэтгэлгэд хамрагдаж, ингэхийн тулд англи хэлний түвшнээ дээшлүүлнэ" гэж бичсэн бол бусад оюутнууд "Би шүдний сайн эмч болно", "Би цахилгаан барааны том дэлгүүр нээнэ" зэргээр бичсэн харагдана. 




ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогч Р.Мөнхтуяа хэлэхдээ, "Өнөөдрийн манай нээлтэд ирж амжаагүй оюутнууд харамсах хэрэггүй. Манай хөтөлбөрийн фейсбүүк хаягаар орж олон үйл ажиллагаанд оролцоод явах бүрэн боломжтой. Энэ жил манай хөтөлбөрт хамрагдахаар сошиал группт 2700 оюутан бүртгүүлснээс өнөөдөр 400 нь оролцож байна" гэв. 

RISE хөтөлбөрөөс гадна ХААН банк 13 жил оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж энд 2400 оюутан хамрагдаад байна. 



Холбоотой мэдээ