БНХАУ долоон төрлийн бүтээгдэхүүнийг Австралиас худалдан авахгүй

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-11-03 21:17:43

Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ Австралиас долоон төрлийн бараа бүтээгдэхүүн худалдан авахаа зогсоохыг бөөний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүддээ тушаасан байна. Тус шийдвэр нь өнөөдрийг хүртэлх хугацааны хамгийн өргөн цар хүрээтэй хариу арга хэмжээ болж байгаа бөгөөд худалдааны гол түншүүдийн хурцадмал нөхцөл байдлыг улам бүр даамжруулах юм.

            Блүүмберг агентлаг нэгэн эх сурвалжаасаа иш татан мэдээлэхдээ, Хятадын бөөний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд Австрали улсаас нүүрс, арвай, хүдэр, зэсийн баяжмал, элсэн чихэр, мод, дарс, сам хорхой зэрэг бүтээгдэхүүнийг худалдан авах боломжгүй болж байна.

            Австрали улс үндэсний аюулгүй байдлын үүднээс Хятадын Хуавэй компанийг 5G сүлжээний бүтээн байгуулалтад оролцохыг 2018 онд хориглосноос хойш тус хоёр орны харилцаанд сэв суусан ба энэ оны 4 дүгээр сард Скот Моррисын Засгийн газар коронавирусний эх үүсвэрийг бие даан шалгахыг уриалснаас хойш хоёр орны харилцаа огцом муудаад байна.

            Хятад улс Австралийн дөрвөн нядалгааны газраас мах импортлохыг хориглож, сам хорхойны гаалийн бүрдүүлэлтийг удаашруулж, арвайнд 80 хувийн татвар ногдуулж, Күинсландаас мод импортлохыг хориглосон. Мөн австрали дарсны импортод “хямдаар экспортлох”-ын эсрэг чиглэсэн шалгалтын ажил явуулж байгаа бөгөөд цахилгаан станц, гангийн үйлдвэрүүдэд Австралийн нүүрс хэрэглэхээ болихыг шаардаж, хөвөн худалдан авалтаа зогсоосон байна.       

Холбоотой мэдээ