Австралийн томоохон мужууд хилээ нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-11-23 14:37:42

КАНБЕРРА. /BBC/. Австралийн Шинэ Өмнөд Уэльс муж коронавирусний халдварын шинэ тохиолдол олон хоног дараалан бүртгэгдээгүйтэй холбогдуулан хөрш Викториа мужтай залгаа хилээ энэ оны долоодугаар сараас хойш анх удаа нээлээ.


Викториад “COVID-19” халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдсэний улмаас хатуу хөл хорио тогтоогоод байсан бөгөөд 11 дүгээр сар гарснаас хойш халдварын нэг ч тохиолдол шинээр илрээгүй байна. Мөн тус муж амны хаалт зүүх журмаа сулруулжээ.


Австралид өнөөдрийн байдлаар 28 мянга гаруй хүн халдвар авч, 900 орчим хүн нас баржээ. Австрали өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоог тэгт хүргэж бууруулахын тулд хөл хорьж, олон нийтийг шинжилгээнд хамруулж, ойрын хавьтлуудыг сайтар илрүүлсэн байна.


Мөн дэлхий дахинд цар тахал дэгдэж эхлэх үеэс олон улсын хилээ хааж, хилийн чанадаас ирсэн хүмүүсийг 14 хоног тусгаарлажээ. Австралийн хамгийн олон оршин суугчтай мужууд болох Викториа, Шинэ Өмнөд Уэльс долоодугаар сараас буюу Викториа мужийн нийслэл Мельбурн хотод халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэх үед хилээ хаажээ.


Үүний зэрэгцээ дэлхийн хамгийн ачаалал ихтэй чиглэлд тооцогддог Мельбурн болон Шинэ Өмнөд Уэльсийн нийслэл Сидней хотын хоорондын нислэгийг зогсоогоод байсан юм. Мельбурнд долоодугаар сард өдөрт 700 гаруй халдварын тохиолдол шинээр илэрч байжээ.

Холбоотой мэдээ