Илон Маск тэрбумтнуудын жагсаалтад Билл Гейтсийг гүйцэж түрүүлжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-11-24 14:52:57

БЕРЛИН. /DW/. “Tesla” компанийн ерөнхий захирал Илон Маск “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтсийг “Bloomberg” агентлагаас гаргадаг тэрбумтнуудын жагсаалтад гүйцэж түрүүлжээ. Ийнхүү тэрбээр “Amazon” компанийг эзэмшигч Жефф Безосын дараа орох дэлхийн хоёр дахь баян хүн болсон байна.


Даваа гарагт “Tesla” компанийн хувьцаа 6.5 хувиар өсөж, Маскийн хөрөнгө 7.2 тэрбум ам.доллароор нэмэгджээ.  “Bloomberg”-ийн шинжээчид бизнес эрхлэгчийн хөрөнгийг 127.9 тэрбум ам.доллароор үнэлж байна. Он гарснаас хойш түүний орлого 100.3 тэрбум ам.доллароор өсжээ. Билл Гейтсийн хөрөнгийг “Bloomberg”-ийн шинжээчид 127.7 тэрбум ам.доллароор үнэлж байна. Гейтс буяны үйлст их хэмжээний мөнгө зориулаагүй бол энэ тоо мэдэгдэхүйц өндөр байх байсныг DPA агентлаг онцолжээ.


Тэрбумтнуудын жагсаалтыг 182 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Жефф Безос тэргүүлсэн хэвээр байна. Илон Маск нь Безосын нэгэн адил өөрийн компанийн томоохон хувьцаа эзэмшигч тул хөрөнгийн бирж дээр хувьцаа нь өсөхөд хамгийн түрүүнд ашиг хүртдэг. “Tesla” -гийн хувьцаа сүүлийн 12 сарын хугацаанд 675 хувиар өсжээ.


Холбоотой мэдээ