Трамп Үндэсний аюулгүй байдлын туслах асандаа өршөөл үзүүлжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-11-26 11:58:08

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах нь байсан Майкл Флиннд уучлал үзүүлсэн гэдгээ мэдэгдлээ.


"Генерал Майкл Флиннийг өршөөж байгааг мэдэгдэж байгаадаа баяртай байна. Генерал Флинн болон түүний сайхан гэр бүлд баяр хүргэе! Одоо та бүхэн Талархлын өдрийг үнэхээр гайхалтай тэмдэглэн өнгөрүүлнэ гэдгийг би мэдэж байна" гэж Америкийн удирдагч твиттер хуудсандаа бичжээ.


Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлснээр, Флиннд өршөөл үзүүлэх зарлигт Трамп лхагва гарагт гарын үсэг зуржээ. “Генерал Флиннийг хэзээ ч шүүхэд өгөх ёсгүй байсан тул Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн. Флинний хэрэгт Хууль зүйн яамнаас хийсэн хөндлөнгийн шалгалт үүнийг нотолж байгаа бөгөөд тус яам түүний эсрэг үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэдэг дүгнэлтийг хийсэн” гэж  Цагаан ордны хэвлэлийн мэдээлэлд дурдсан байна.


Флинний хэрэг

Тэтгэвэртээ гарсан генерал Флинн тухайн үед ОХУ-аас Вашингтонд суух Элчин сайдаар ажиллаж байсан Сергей Кисляктай хийсэн ярианыхаа талаар АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майкл Пенсэд хангалтгүй мэдээлэл өгсөн гэх шалтгаанаар 2017 оны хоёрдугаар сард Трампын үндэсний аюулгүй байдлын туслахын албан тушаалаас огцорчээ.


2017 оны 12 дугаар сард Флинн мөрдөн байцаалтын гэрээ байгуулж, Холбооны мөрдөх товчоонд худал мэдүүлэг өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байсан боловч 2020 оны нэгдүгээр сард тэрбээр буруугаа хүлээсэн мэдүүлгээсээ буцаж, гэрээнээс татгалзсан байна.


2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр АНУ-ын Хууль зүйн яам түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ажиллагааг зогсоосныг мэдэгдсэн боловч тавдугаар сарын 12-нд тойргийн шүүгч Эмметт Салливан хэрэгт оролцогч бус хүмүүсийн шүүх хуралдаантай холбоотой саналыг сонсох тушаал гаргажээ. Зургадугаар сарын 24-нд давж заалдах шатны шүүхээс доод шатны шүүхэд Флинний хэргийг хэрэгсэхгүй болгохыг үүрэг болгосон боловч Салливан энэ шийдвэрийг шүүгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ хянан хэлэлцэх хүсэлт гаргажээ. Наймдугаар сарын сүүлчээр Колумбийн нийслэлийн тойргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Трампын хуучин туслахын хэргийг хаах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон байна.


Майкл Флиннийг ОХУ 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх хэргийн хүрээнд шалгаж байсан юм. Трамп болон түүний гол туслахууд 2016 оны сонгуулийн кампанит ажлын үеэр Оросын эрх баригчидтай хуулиас гадуур холбоо тогтоосон гэх хардлагыг удаа дараа няцааж байсан билээ. ОХУ-ын эрх баригчид ч мөн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн явцад нөлөөлөхийг оролдсон гэж тус улсыг буруутгасныг үндэслэлгүй гэж нэг бус удаа мэдэгдсэн юм.


Холбоотой мэдээ