Борнуур сумын сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-11-27 22:08:04

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас иргэдэд улс, аймгийн нөхцөл байдал болоод анхааруулга, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэж байгаа. Тэгвэл 11 дүгээр сарын 26-ны өдөр Борнуур суманд сэжигтэй тохиолдол илэрч тухайн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд хариу нь сул эерэг гарчээ.

Тодруулбал Улаанбаатар хотоос Борнуур сумын хүнсний дэлгүүрүүдэд хүргэлт хийдэг тус сумын иргэнд эхний түргэвчилсэн оношлуурын шинжилгээ хийхэд хариу нь сул эерэг гарчээ. Иймд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор аймгийн Онцгой комиссоос тандалт судалгааны баг  гарч тус сумын хүнсний дэлгүүр болон сумаас гарах, орох хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ.

Харин аймгийн Онцгой комиссын шуурхай штабын 11 дүгээр сарын 27-ны ээлжит мэдээлэлдээ: 11 дүгээр сарын 26-нд Борнуур суманд илэрсэн сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу өнөөдөр сөрөг гарсан. Тухайн хүний ойрын болон дам хавьтлын нийт 33 иргэнийг тогтоосон. Үүнээс ойрын хавьтал болох 13 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд нэг иргэний шинжилгээний хариу сул эерэг гарсан учир тухайн иргэний шинжилгээг баталгаажуулахаар ХӨСҮТ рүү хүргэсэн. Харин урьдчилсан байдлаар шуурхай штабт ирсэн мэдээллээр 13 иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарсан гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа  мэдээлэв.

Мөн тус суманд гэрийн тусгаарлалтад 18 иргэн байгаа бөгөөд сумын хүнсний дэлгүүр болон сумаас гарах, орох хөдөлгөөн өнөөдөр хэвийн үргэлжилж байгаа гэж аймгийн Онцгой комиссын дэд дарга, хурандаа Н.Төмөрбаатар хэллээ.

 

 

 

 

Холбоотой мэдээ