АНУ-ын хоригийн улмаас Хонконгийн засаг захиргааны тэргүүн бүх мөнгөө гэртээ хадгалж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-11-30 17:42:37

БЭЭЖИН. /RIA Novosti/. Хятадын өндөр албан тушаалтнуудын хамт АНУ-ын хориг арга хэмжээнд өртсөн Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам банкны данс ашиглах боломжгүй болсны улмаас бүх мөнгөө гэртээ бэлнээр хадгалахаас аргагүйд хүрсэн тухайгаа мэдэгджээ.


“Та бүхний өмнө банкны үйлчилгээ ашиглах боломжгүй болсон Хонконгийн засаг захиргааны тэргүүн сууж байна. Би өдөр бүр бүх зүйлд бэлэн мөнгө ашиглаж байна. Надад банкны данс байхгүй учраас Засгийн газар миний цалинг бэлнээр олгож байна” гэж Лэм “HKIBC” сувагт ярилцлага өгөхдөө хэлжээ. Үүний зэрэгцээ тэрбээр АНУ-ын Засгийн газрын хориг арга хэмжээ ул үндэслэлгүй бөгөөд ийм нөхцөлд авсан нь үнэхээр хүндэтгэлгүй хэрэг гэж мэдэгдсэн байна.


Хэвлэлүүдийн мэдээллээр, Ламын жилийн цалин 5.21 сая хонгконг доллар (670 мянга орчим ам.доллар) аж.


АНУ-ын Сангийн яам эх газрын Хятад болон Хонконгийн 11 өндөр албан тушаалтанд энэ оны наймдугаар сард хориг арга хэмжээ авсан билээ. Хоригийн жагсаалтад Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам, Хонконгийн цагдаагийн газрын дарга Крис Тан, аюулгүй байдлын сайд Жон Ли, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэд Хонконг, Макаогийн хэрэг эрхэлсэн газрын дарга Ся Баолун, Хууль зүйн сайд Тереза Чэн, Хонконг дахь БНХАУ-ын төв засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Луо Хуин зэрэг албан тушаалтнуудыг оруулжээ.


Эдгээр хүмүүс “Хонконгийн автономит байдлыг алдагдуулж, Хонконгийн иргэдийн үг хэлэх эрх чөлөөг боомилсон тул” хориг арга хэмжээ авсан гэж АНУ-ын Сангийн яамны мэдэгдэлд дурдсан байна.


 


Холбоотой мэдээ