Хүчирхийлэлтэй тэмцэх цахим аянд Төв аймаг нэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-12-01 16:31:35

Төв /МОНЦАМЭ/. Дэлхийн 187 оронд эхлүүлээд байгаа “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д Төв аймгийн төр, төрийн бус байгууллагууд нэгдлээ.

Төв аймгийнхан 2018 онд “Эерэг бол гоё”, 2019 онд “Ойлгоё хүндэлье” уриан дор нэгдэж байсан. Энэ жил “Яг одоо хүчирхийллийг цэглэе!” уриан дор аянд нэгджээ. Ийнхүү 11 дүгээр сарын 25-ны өдөр орон нутгийн телевизийн цахим шууд нэвтрүүлэгт оролцон уг аянд нэгдэж байгаагаа илэрхийлэн, 27 сумын удирдлагууд болон ард иргэддээ хандан уриалга гаргалаа.

Тус аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар “Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлж хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд гэр, гэртээ зөв үлгэр дуурайлал үзүүлж, тэдэндээ цаг гарган, хүчирхийллийг хамтдаа цэглэхэд хүн бүрийн оролцоо чухал. Тиймээс уг аяны хүрээнд хийж байгаа мэдээ мэдээллийг цахим орчинд түгээж иргэдээ аянд нэгдэх уриалга дэвшүүлэв.

Төв аймагт 2020 оны эхний 12 дугаар сарын 1-ний байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас 46 гэмт хэрэг, 255 зөрчил бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс гэмт хэрэг 35,2 хувиар өссөн бол зөрчил 7 хувиар буурсан. Харин Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэрээр 7-30 хоногоор 235 хүнийг баривчлуулж, 20 хүнийг 2 сая 820 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авсан гэж аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Нарантуяа мэдээллээ.

Холбоотой мэдээ