Улаанбаатарыг эдийн засгийн бие даасан статустай болгох хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-12-02 09:52:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотыг эдийн засгийн хувьд бие даасан статустай болгох, дагуул хотуудыг үе шаттай хөгжүүлэх, боловсролын салбарт түлхүү хөрөнгө оруулах хэрэгтэй байна. Энэ талаар өчигдөр хуралдсан НИТХ-ын хороодын өргөтгөсөн хурлын үеэр төлөөлөгчид саналаа хэлэв. 

Дээрх саналыг “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл” дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийн төсөл, Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгахыг хэлж байлаа. Тухайлбал, НИТХ-ын Хүний хөгжлийн хорооны дарга, төлөөлөгч П.Наранбаяр, боловсролын салбарын хүртээмжийг нэмэхийг сайтар тусгаж өгсөн ч боловсон хүчин мэргэжилтнүүдийн орлогыг дэмжих тал дээр нийслэл өөрөө бодлоготой байх ёстой гэв. Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны дарга, төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар, гэр хорооллын дундах авто замыг шинэчлэн сайжруулж, шинээр ашиглалтад оруулан түгжрэлийг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой гэв. Өөрөөр хэлбэл, төв замын ачааллыг бууруулж, туслах замуудыг сайжруулах нь зүйтэй гэдгийг онцолж байв.

Мөн нийслэлийн 2021 оны төсөвт "COVID-19"-ийн цар тахалтай холбоотойгоор нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулахад шаардагдах хөрөнгийг тусад нь суулгаж өгөх ёстой. ААН, иргэдийг хямралаас гаргахын тулд тодорхой төлөвлөгөө гаргах ажиллах хэрэгтэй байна. Тухайлбал, Улаанбаатар хотын аялал жуулчлалаас олдог орлого 2020 онд зогссонтой холбоотойгоор халдварын цар тахлын үед болон дараа хэрэгжүүлэх аялал жуулчлалын төлөвлөгөө гаргах саналыг НИТХ-ын төлөөлөгчид хороодын өргөтгөсөн хурлын үеэр хэлж байв.


Холбоотой мэдээ