Б.Баярсайхан: Үндэсний брэндээ дэлхийд гаргах цахим хөдөлгөөнийг эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-12-12 17:17:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас үндэсний үйлдвэрлэгч, ААН-үүдээ дэмжих үүднээс “Экспорт Монгол 2020” олон улсын цахим чуулган, үзэсгэлэнг энэ сарын 15-нд цахимаар зохион байгуулах гэж байна. Энэ талаар тус үйл ажиллагааг зохион байгуулж Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханаас тодруулав. 

-Монгол Улсын экспортын чуулганыг өмнө нь мөн зохиож ирсэн. Энэ удаагийнх хэд дэх болж байна вэ. Энэ жилийн үйл ажиллагааны онцлог юу байна вэ?

-Манай улс "Экспорт Монгол"-ыг 6 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ удаа төр, хувийн хэвшил, ТББ-ууд, олон улсын байгууллагуудыг нэг зорилгын дор нэгдэж байна. Үүгээрээ онцлог болно. Тодруулбал, бид энэ удаагийн чуулганаар улс орны эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон хувийн хэвшил, үйлдвэрлэгч, экспортлогчдынхоо дуу хоолойг сонсоно.  Улмаар хувьсан өөрчлөгдөж буй нөхцөл байдлын хүрээнд бид цааш хэрхэн ажиллах талаар хэлэлцэх гэж байна. 


Мөн хүрээнд цахим үзэсгэлэн, уулзалт, төсөл танилцуулах, олон улсын цахим сургалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ нь гадаад, дотоодын ААН, байгууллагуудад мэдлэг мэдээлэл олж авах, үзэл бодлоо илэрхийлэх, харилцан хамтын ажиллагаагаа өрнүүлэх зэрэг олон таатай боломжуудыг олгоно гэж үзэж байгаа. Бидний нэг зорилго болох Монголын үндэсний брэнд бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах цахим хөдөлгөөнийг энэ удаагийн, энэ жилийн чуулганаар эхлүүлж, ингэснээр энэ нь олон улсын томоохон зах зээлд нэвтрэх томоохон туршлага, сургалт болох болов уу гэж үзэж байгаа.

"Экспорт Монгол-2020"-ыг ХХААХҮЯ, ГХЯ, Үндэсний хөгжлийн газар, Жижиг дунд үйлдвэрийн газар, Экспорт Олон улсын худалдааны төв /EITC/, Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл, USAID Best хөтөлбөр, Хөгжлийн шийдэл, GIZ, МҮХАҮТ, Амеркийн Худалдааны танхим "АмЧам" зэрэг байгууллага хамтран зохион байгуулах гэж байна.


-Чуулганы үр дүнг юу гэж харж байна?

-Сая хэлсэнчлэн, төсөл танилцуулах бизнесийн B2B уулзалтаар олон улсад сурталчлах, гадаадын хөрөнгө оруулагч, худалдан авагч, бизнес эрхлэгчидтэй шууд холбоо тогтоон, хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлнэ. Ингэснээр дотоод, гадаадын оролцогч нар эхний ээлжинд хоорондоо мэдээлэл солилцож цаашлаад хамтын ажиллагаа эхлүүлэх томоохон боломж болох болов уу. 

Гол нь бид "COVID-19"-ийн цар тахлын энэ хүнд нөхцөл байдлын үед ААН, үйлдвэрлэгчдээ дэмжих, тэдний үйл ажиллагааг зогсолтгүй явуулах үүднээс Дэлхийн банк группын Олон улсын санхүүгийн корпораци, Экспорт олон улсын худалдааны төв зэрэг байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагааны үндсэн дээр ААН, компаниудад санхүүгийн болон бусад хүндрэл учруулахгүйн тулд энэ удаагийн чуулган, үзэсгэлэнг цахимаар, 100 хувь үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа юм. 

-"Экспорт Монгол-2020"-оор Засгийн газар ямар салбар чиглэлийг, зохион байгуулагчдаас ямар үйл ажиллагааг онцлон тавьж байгаа вэ? 

-Монгол Улсыг асар их байгалийн баялагтай хэмээн тодотгож түүгээрээ ч уул уурхайн салбарын эдийн засагт эзлэх байр суурь өндөр байдаг. Бид сүүлийн жилүүдэд эдийн засгаа төрөлжүүлэх нь чухал шаардлагатай юм  байна гэдгийг хүлээн зөвшөөрч хоёр дахь, асар их түүхий эдийн нөөц баялаг, боломжтой уул уурхайн бус салбар, нэн ялангуяа ХАА, хөнгөн үйлдвэрийн салбараа хөгжүүлэхийг эрмэлзэх болсон. 



Уул уурхайн бус 915 орчим сая долларын өртөг бүхий 30 гаруй төслүүдийг хөрөнгө оруулагчдад санал болгож, цахим платформоор сурталчилна



Үүнтэй холбоотойгоор энэ удаагийн манай улсаас 30 гаруй төслийг хөрөнгө оруулагчдад санал болгоход бэлтгэн цахим платформоор сурталчилж байна.  Энд ноос ноолуур, арьс шир, оёмол сүлжмэл бүтээгдэхүүн, хүнс, үүний дотор мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, зөгийн бал, мал ах ахуй, ХАА-н болон аж үйлдвэрийн парк, эрүүл мэнд, гоо сайхан болон бусад салбарын экспортод чиглэсэн, хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа төслийг бэлдсэн. Танилцуулах төслүүд нь нийт 915 орчим сая долларын өртөг бүхий байгаа. 


-Бизнес уулзалтаар илтгэл, хэлэлцүүлэг, танилцуулгаас гадна хөрөнгө оруулагчдыг татах талаар ямар үйл ажиллагаа явагдах вэ? 

-Манай байгууллагаас энэ 12 дугаар сарын 15-нд ХХААХҮЯ, Дэлхийн банк группийн Олон улсын санхүүгийн корпораци, Экспорт олон улсын худалдааны төвтэй хамтран гадаадын хөрөнгө оруулагчдад уул уурхайн бус ХАА, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулах боломж, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаар илтгэл тавьж, мэдээлнэ. Үүнээс гадна Монгол Улсад хөрөнгө оруулж амжилттай үйл ажиллагаа эрхэлж буй хөрөнгө оруулагчид амжилтын түүхээсээ хуваалцах юм. Одоогийн байдлаар www.exportmongolia.org цахим хуудсанд түрүү хэлсэн төслүүдийг байршуулаад, зохион байгуулагч бүх байгууллагууд өөрсдийн шугамаар гадаадын хөрөнгө оруулагчдад арга хэмжээний талаар сурталчилж байна. Гадаадын хөрөнгө оруулагч төслүүдийг үзээд, сонирхсон төсөлтэй цаг товлон уулзах байдлаар В2В уулзалтыг зохион байгуулахаар ажиллаж байна. 


Холбоотой мэдээ