ЕХ “Pfizer”-ийн вакцинд зөвшөөрөл олголоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-12-22 10:13:49

БРЮССЕЛЬ. /BBC/. Европын Холбооны /ЕХ/ эмийн байгууллага “Pfizer-BioNTech” компанийн коронавирусний вакциныг 27 гишүүн орондоо хэрэглэхийг зөвшөөрчээ.  


Их Британи, АНУ-д хэдийн тарьж эхэлсэн уг вакциныг Европын эмийн агентлаг ЕХ-ны 448 сая оршин суугчид хийх зөвшөөрлийг ийнхүү олгосон байна.


Европын эмийн агентлагийн шийдвэрийг гарснаас хэдэн цагийн дараа Европын Комисс уг вакциныг хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрчээ.


Вакциныг ЕХ-ны зарим оронд ням гаргаас хүргэж эхэлж магадгүй байна. ЕХ-ны гишүүн орнуудад цар тахлын улмаас 331 мянга гаруй хүн нас барсан юм.


Зул сар, шинэ жилийн баярын амралтаар халдварын шинэ тохиолдол нэмэгдэж болзошгүй тул Герман, Нидерланд зэрэг оронд хэсэгчилсан хөл хорио тогтоогоод байна.


Мөн Их Британид коронавирусний илүү хурдан халдварладаг шинэ хувилбар тархсантай холбогдуулан ЕХ-ны хэд хэдэн орон тус улсаас ирэх, очих нислэгээ түр зогсоох шийдвэрийг гаргаад байгаа юм.


Европын эмийн агентлаг вакциныг хэрхэн үнэлсэн бэ?

"Вакцин 95 хувийн үр дүн үзүүлсэн бөгөөд 16 болон түүнээс дээш насны хүмүүст хийх боломжтой" гэж тус агентлаг мэдээлжээ.


“Өнөө цаг үед нүүрлээд буй цар тахлын эсрэг тэмцэлд чухал алхам боллоо” гэж Европын эмийн агентлагийн гүйцэтгэх захирал Эмер Кук мэдэгдсэн байна.


Бид нарийвчилсан үнэлгээ дүгнэлт хийсний дүнд энэхүү вакцины аюулгүй байдал, үр дүнтэй байдлыг баталгаажуулж, шаардлагатай чанарын стандартыг хангасан гэж үзлээ гэж тэрбээр мэдээлжээ.


"Гэсэн хэдий ч бидний гүйцэтгэх ажил энд хүрээд дуусахгүй бөгөөд цаашид вакцины аюулгүй байдал, үр дүнгийн талаарх мэдээллийг цуглуулж, задлан шинжлэх ажиллагаагаа үргэлжлүүлнэ" гэж Э.Кук нэмж хэлсэн байна. 

Холбоотой мэдээ