Хэбэй муж руу эмнэлгийн ажилтнуудын 10 багийг илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-01-08 16:08:49

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Хэбэй мужид шинэ он гарснаас хойш “COVID-19”-ийн 100 гаруй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан оршин суугчдад нуклейн хүчлийн шинжилгээ хийхэд тусламж үзүүлэх үүднээс зүүн нутгийн хоёр мужаас эмнэлгийн ажилтнуудын 10 багийг илгээжээ.


Төрийн зөвлөлийн “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтад авах, эмчлэх асуудал хариуцсан ажлын хэсгээс томилсон багууд нь Жянсу, Жэжян мужийн эмнэлгийн 209 ажилтнаас бүрдсэн байна.


“Эмнэлгийн ажилтнууд Хэбэйн нийслэл Шижяжуан хотод пүрэв гаргийн орой очиж, Шижяжуан, Шинтай хотын оршин суугчдыг нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулах ажилд тусалж эхэлсэн” гэж Хэбэйн Олон нийттэй харилцах хэлтсээс өнөөдөр мэдээлжээ.


Баг тус бүр шинжилгээний таван тоног төхөөрөмж, 50 мянган нуклейн хүчлийн оношлууртай иржээ. Шижяжуан хотын Гаочэн дүүрэгт энэ сарын 2-нд 61 настай эмэгтэйгээс халдвар илэрснээс хойш Хэбэйд халдварын тохиолдлын тоо нэмэгдэж эхэлсэн байна.


“Хэбэйд пүрэв гаргийн байдлаар дотоодод халдварласан 123 тохиолдол бүртгэгдсэнээс таван хүний биеийн байдал хүнд байна. Мөн дотоодод халдварласан 181 шинж тэмдэггүй тохиолдлыг эмнэлгийн хяналтад оруулсан” гэж тус мужийн Эрүүл мэндийн хорооноос мэдээлжээ. Тэдгээр тохиолдол бүгд Шижяжуан, Шинтай хотод илэрчээ. 

Холбоотой мэдээ