Ким Жөн Ун намын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсоноор хязгааргүй эрх мэдэлтэй болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-01-11 15:02:40

СӨҮЛ. /TASS/. БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын VIII их хурлаар тус улсын удирдагч Ким Жөн Уныг  намын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосон нь эрх мэдлийг цаашид түүний гарт төвлөрүүлэх гэж байгааг харуулж байгаа бөгөөд энэ нь дэлхий дахинд илгээж буй нэг төрлийн "мессеж" юм гэж Өмнөд Солонгосын улс төр судлаач, Солонгосын хойгийн ирээдүйн төлөө сангийн ажилтан Мэн Чу Сок ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.


“Энэхүү алхам нь түүний улс орны дотоод дахь төдийгүй олон улсын тавцан дахь байр суурийг бэхжүүлэх, мөн удирдагч хүний эргэн тойронд БНАСАУ-ын иргэдийг нэгдэн нягтруулах зорилготой” гэж Өмнөд Солонгосын шинжээч үзэж байна. Түүний үзэж байгаагаар, Ким Жөн Уныг СХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосон нь мөн тус улсад эрх мэдэл тасралтгүй үргэлжлэхийн бэлгэдэл болох ёстой аж. Учир нь БНАСАУ-ын өмнөх удирдагчид болох Ким Ил Сон, Ким Жөн Ир нар энэ албан тушаалыг хашиж байсан юм.


"Солонгосын Хөдөлмөрийн нам улс орны амьдралын бүхий л салбарыг хянадаг тул Ким Жөн Уныг энэ албан тушаалд сонгосон нь хязгааргүй эрх мэдлийг олгож байгаа юм” гэж Мэн Чу Сок цохон тэмдэглэжээ.


Пёньян хотноо болж буй Солонгосын Хөдөлмөрийн Намын VIII их хурлаар "Ким Жөн Уныг намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгох шийдвэрийг санал нэгтэй баталлаа" гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг өмнө нь мэдээлсэн юм. Энэхүү шийдвэр нь "Ким Ил Сон-Ким Жөн Ирийн намын хөгжил болон Жүчэгийн үзэл санааны шинэ ялалтуудад хүрэх гэсэн намын бүх гишүүн, ард түмэн, Солонгосын ардын армийн алба хаагч нарын нэгдмэл хүсэл, эрмэлзлийн илрэл юм" гэж тус агентлаг мэдээлэлдээ онцлон тэмдэглэжээ.


СХН-ын өмнөх их хурал 2016 оны тавдугаар сард болсон бөгөөд тухайн үед БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Уныг намын даргаар сонгосон юм. Энэ удаагийн VIII их хурлын баримт бичигт Ким Жөн Ун ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсоныхоо дараа намын даргын албан тушаалыг хадгалж үлдсэн эсэх талаар тодорхой заагаагүй байна.


Ерөнхий нарийн бичгийн даргын сонгууль нэгдүгээр сарын 10-нд буюу намын VIII их хурлын зургаа дахь өдөр болжээ. Ингэснээр  СХН-д 2016 онд татан буулгасан нарийн бичгийн дарга нарын газар дахин байгуулагдаж буй юм.


Холбоотой мэдээ