Г.Занданшатар:Иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах зорилго нэг шатаар урагшиллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-01-15 14:05:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлав.


Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, "Шүүхийн тухай хуулийг баталснаар  Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг "амилуулах", иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах зорилго нэг шатаар урагшиллаа. Энэхүү хуулийг баталхад УИХ-д суудалтай бүх, бие даагчид ойлголцол, зөвшилцлийг эрхэмлэж, шүүхийн шинэтгэлийн төлөө нэг санаа, нэгдмэл зорилготой ажиллаа. Шинэчилсэн найруулгад иргэдийг эрүүдэн шүүх, хууль бусаар яллахаас сэргийлэх, шүүх эрх мэдэлд хэн нэгэн нөлөөлөх, эрх мэдэл тогтоохоос сэргийлж, хяналтыг тогтоолоо. Шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах, сахилгын шийтгэл оногдуулах Шүүгчийн сахилгын хороотой байхаар тусгалаа. Улсын дээд шүүх Шүүгчийн сахилгын хорооны гишүүд, ШЕЗ-ийн гишүүдийг сонгохдоо нээлттэй сонсгол хийх, ил тод сонгон шалгаруулах зарчим баримтлах, шүүхэд шатлан дэвших зарчим хэрэгжүүлэх шинэ тогтолцоог бүрдүүллээ. Ингэснээр шүүх болон шүүгчийн хараат бус байдал хангагдаж, улс төр, бизнесийн нөлөөнд автахаас сэргийлэх нөхцөл бүрдэнэ. Хамгийн чухал нь Монгол Улсад хуулийн засаглал, шударга ёс тогтох нөхцөл бүрдэнэ. Хуулийг хэрэгжүүлэхэд бүх шатны шүүхийн байгууллага, шүүгчид онцгой үүрэгтэй гэдгийг онцолж хэлье " хэмээв.

Холбоотой мэдээ