Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг болов

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-01-15 15:37:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.


Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл”-ийн төсөлд Засгийн газрын гишүүд, Улсын дээд шүүх, Улсын прокурорын ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хуульчдын холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг холбогдох байгууллагаас санал авч нэгтгэжээ. 


“Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл”-ийн төсөлд нийт 149 хуулийн төсөл, УИХ-ын 12 тогтоолын төсөл тусгажээ. Үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан 149 хуулийн төслөөс 2020 онд 35, 2021 онд 81, 2022 онд 21, 2023 онд 12, УИХ-ын 12 тогтоолын төслөөс 2020 онд 3, 2021 онд 3, 2022 онд 4, 2023 онд 2 тогтоолын төслийг боловсруулж өргөн мэдүүлэхээр заасан. Үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан 149 хуулийн төслийн 54 нь шинэчилсэн найруулга, 43 нь анхдагч хуулийн төсөл, 42 нь хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 10 нь олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төсөл байгааг танилцуулгад дурджээ.


Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудар санал хураав. Тухайлбал, Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амыан төрийн нийтийн өмч байх зарчимд нийцүүлэх, гадаад улсын цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх, булшлахыг хориглох зохицуулалтыг тусгасан Цөмийн энергийн тухай хуулийн төслийг энэ онд Засгийн газраас өргөн мэдүүлэх заалт нэмэхийг дэмжлээ. Мөн 3асгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын улсын хорооны үйл ажиллагаатай холбоотой зарим харилцааг зохицуулах Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 3асгийн газраас энэ онд өргөн мэдүүлэх заалт нэмэх болов. Түүнчлэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 3асгийн газраас энэ оны I улиралд багтаан өргөн мэдүүлэхээр төслийн хавсралтад нэмэхийг гишүүдийн олонх дэмжлээ. Түүнчлэн Байгаль орчны тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай, Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг 2021 онд өргөн мэдүүлэхээр төслийн хавсралтад нэмэх нь зүйтэй хэмээн гишүүдийн олонх дэмжсэн.


Ийнхүү зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.


Ташрамд дурдахад, УИХ 5 удаа хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл баталж, хэрэгжүүлж байжээ. Тухайлбал, Монгол Улсын хууль тогтоомжийг 2000 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд нийт 118 хууль боловсруулж батлахаар зааснаас 62-ыг, 2004 он хүртэлх Үндсэн чиглэлд 138 хууль зааснаас 96-г, 2008 он хүртэлх Үндсэн чиглэлд 125 хууль зааснаас 96-г , 2012 он хүртэлх Үндсэн чиглэлд 174 хууль зааснаас 93-ыг, 2020 он хүртэлх Үндсэн чиглэлд 201 хууль зааснаас 96-г нь баталсан байна.


Мөн УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай, Музейн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлоод байсан. Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн төслөөр УИХ дахь АН-ын бүлэг, Музейн тухай хуулийн төслөөр МАН-ын бүлэг ажлын гурван өдрийн завсарлага авлаа.

Холбоотой мэдээ