Худалдаа, бизнесийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар цахим хурал хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-15 16:53:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮХАҮТ, БНХАУ-ын Жилин хотын Худалдааны Танхим, Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар хамтран хоёр улсын худалдаа, бизнесийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх цахим хурал өнөөдөр зохион байгууллаа.


Монгол Улс өмнөд хөрш рүү уул уурхайн бүтээгдэхүүнээс гадна ноос ноолуур, мах, махан бүтээгдэхүүн, самрын экспорт хийдгийг МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн онцлоод, хоёр тал харилцан бизнесийн тэгш, шударга зарчмаар хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах, үүнийг түнш худалдан авагч компаниуд мөн адил хүндэтгэж, нэгэндээ зөв үлгэр үзүүлэх шаардлагатайг хурлын үеэр хэллээ.


Хурлаар Жилин хоттой хийж буй гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, олон жилийн турш дундын зуучлагчаар дамжиж ирсэн хуучин тогтолцоог халж, шууд харилцах, Хятадын банкуудын хөнгөлөлттэй зээлд хамрагдах мөн тэдгээрээр дамжуулж төлбөр тооцоо хийх уян хатан нөхцөлийг бий болгох талаар хэлэлцжээ.


Мөн энэ үеэр ирэх гуравдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж буй Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн цахим үзэсгэлэнг хэрхэн үр дүнтэй хийх талаар санал солилцлоо.


Хуралд Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг, Жилин хотын Худалдааны танхимын Шударга өрсөлдөөн, гадаад худалдааны газрын дарга Ли Фү Тай тэргүүтэй албаны төлөөлөгчид, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн нар оролцов.

 

Холбоотой мэдээ