Аймгийн нийт нутгийн 65 гаруй хувьд зудын их эрсдэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-01-19 13:58:58

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн 2020-2021 оны өвөлжилтийн тайлан мэдээг аймгийн ОБГ-аас энэ сарын 1-ний өдөр гаргажээ. Нэн түрүүнд зудын эрсдэлийн үнэлгээг хийсэн байна.

Аймгийн хэмжээнд энэ зун зуншлага оройтож, ихэнх нутгаар хур бороо бага орж хуурайшилт ихтэй байсны улмаас өвс ногооны ургалт удааширсан,  малын тарга хүч тааруу, тариа буудайн болц оройтож, орон нутгаас хадлан тэжээл бэлтгэх боломж хомс байв. Нэгдүгээр сарын байдлаар малд бэлчээрээс олж идэх өвс бага, мал нэмэгдэл тэжээлд орсон, өвс тэжээлийн хүрэлцээ муу, зах зээлийн үнэ өндөр байгаа нь түүнчлэн  2020 оны 11-р сараас эхлэн аймгийн хэмжээнд  4-19  удаа  их, бага хэмжээний цас орж, аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2,1-6,6 градусаар хүйтэн байгаа нь зудын эрсдэлийг нэмэгдүүлж, өвөлжилт хүндрэх төлөвтэй байна.

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган, зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын  зэрэг олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг,  мэдээг  гаргасан. 2021 оны 1 дүгээр сарын 10-ны байдлаар цасны дундаж зузаан Төвшрүүлэх, Хангай, Чулуут, Хашаат, Хотонт сумын нутгаар  5-11 см,  гуу жалга, хунгарласан газартаа 15-30 см,  дундаж нягт нь 0,21-0,27  г/см3 , бусад сумын нутгаар 1-4 см зузаан цастай байна.



            2021 оны 01 дүгээр сарын 10-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл аймгийн нийт нутгийн 20 гаруй   хувьд нь нэн их эрсдэлтэй, 65  гаруй хувь нь их эрсдэлтэй, 10 орчим хувь нь дунд  эрсдэлтэй  гарсан байна.  Үүнээс Цахир, Хотонт, Өлзийт сумын ихэнх нутаг нэн их эрсдэлтэй, Тариат, Хангай, Цэцэрлэг, Хайрхан, Өндөр-Улаан, Батцэнгэл, Ихтамир, Чулуут, Өлзийт, Булган, Цэнхэр, Төвшрүүлэх, Өгийнуур, Хашаат сум их эрсдэлтэйд тус тус тооцогдсон байна.

Монгол Улсын Засгийн газрын “Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл” хангах зарим арга хэмжээний тухай” 2020 оны 07 сарын 22-ны 19 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөмжийг хэрэгжүүлэх, аймгийн Засаг даргын 2020 оны 08 сарын 10-ны өдрийн А/531 тоот захирамж, 05 тоот албан даалгавар, бэлтгэл ажлыг хангуулах тухай төлөвлөгөөг гарган сумдын Засаг дарга нар, албан байгууллагуудад хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулан ажилласан байна.

Холбоотой мэдээ