Коронавируст халдвартай, амаржсан эхийг зөөвөрлөхдөө алдаа гаргасан хүмүүст хариуцлага тооцно

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-01-20 11:46:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн “Өргөө” амаржих газар буюу нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан коронавируст халдвартай эхийг ХӨСҮТ рүү зөөвөрлөхдөө алдаа гаргасан хүмүүст хариуцлага тооцох албан тоотыг ЭМЯ-наас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазарт хүргүүллээ.


Өвчтөнийг эмнэлэг хооронд шилжүүлэхэд хэрхэн хүлээлцэх, шилжүүлэх, эмч дуудах, унаа зохицуулах дүрэм журам байдаг ч ХӨСҮТ-ийн эмч, ажилтнууд мөрдөөгүй тул ЭМЯ эмнэлгийн удирдлагад хуулийн хүрээнд хариуцлага тооцохыг тус яамны ТНБД Я.Амаржаргал 11.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.  


Тэрбээр, “Амаржсан ээжид халдвар илэрснийг тодорхойлж, тусгаарлах өрөөнд хувцас өмсгөөд зөөвөрлөх журам мөрдөөгүйгээс тухайн ээжийг гадуур хувцасгүй, нярайг нимгэн өлгийтэй зөөвөрлөсөн хариуцлагагүй үйлдэл гарлаа. ЭМЯ энэ үйл явдалд харамсаж, амаржсан ээжээс болон гэр бүлийнхнээс нь уучлал гуйж байна” гэлээ.


Удахгүй нярайлах болон “Өргөө” амаржих газраар үйлчлүүлэх ээжүүд тус эмнэлэгт халдвар гарсантай холбоотой хуваарийн дагуу өөр эмнэлгээр үйлчлүүлэх юм.


ХУД-ийн эх барихын тусламж үйлчилгээг “Хүрээ” амаржих газар буюу хоёрдугаар төрөх, Чингэлтэй дүүргийн тусламж үйлчилгээг “Амгалан” амаржих газар буюу гуравдугаар төрөх, Баянгол дүүргийн тусламж үйлчилгээг “Гурван гал” эмнэлэг үзүүлэхээр боллоо.



Өчигдөр “Өргөө” амаржих газарт эмчлүүлж байсан 274 хүн, 92 эмч ажилтнаас шинжилгээ авахад одоогоор бүгд сөрөг хариу гарчээ.



Монгол Улсын хэмжээнд 2020 оны эцсийн байдлаар 4459 эрүүл мэндийн байгууллага, эмнэлэг үйлчилгээ үзүүлжээ. Үүнд 12 төрөлжсөн мэргэжлийн, бүсийн оношилгоо эмчилгээний 5 төв, аймгийн 16 нэгдсэн эмнэлэг, хөдөөгийн 6 нэгдсэн эмнэлэг, сумын 321 эрүүл мэндийн төв, өрхийн 245 эрүүл мэндийн төв хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд 54 мянга гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж бана.

 

Холбоотой мэдээ