Монгол оронд өнгөрсөн жил 1940 оноос хойш ажиглагдсан 6 дахь дулаан жил болжээ

Монголын мэдээ | Байгаль орчин
oyundelger@montsame.gov.mn
2021-01-21 10:19:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол оронд өнгөрсөн оны агаарын дундаж хэм 1.1°C буюу 1940 оноос хойш ажиглагдсан 6 дахь дулаан жил болж өнгөрснийг Ус цаг  уур, орчны шинжилгээний газрын 2020 оны уур амьсгалын жилийн тоймд тэмдэглэжээ.


Тухайлбал, говийн бүс нутгийн өмнөд, Алтайн өвөр говиор +6.0-аас +9.6°С, тал хээрийн бүс нутгаар болон Их нууруудын хотгор орчмоор +2.0-аас +5.0°С, Хангайн нуруу, Дархадын хотгор орчмын нутгаар -4.0-өөс -8.0°С, бусад нутгаар -1.0-ээс+2.0°С орчим байв.


Өвлийн улирлын агаарын дундаж температур нь Ховд, Завхан, Говь-алтай, Баянхонгор, Хэнтий аймаг орчмоор олон жилийн дунджаас хүйтэн, Завхан аймгийн Цэцэн-Уул, Отгон, Ховд аймгийн Цэцэг, Зэрэг сум, Баянхонгорын хойд нутгаар -2.5-аас -4.4°С-аар илүү хүйтэрчээ. Харин Баян-Өлгий, Увс, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн зарим нутгаар ОЖД-аас 1.0-ээс 1.5°С-аар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байжээ.


Хаврын улиралд агаарын дундаж температур бүх нутгаар ОЖД-аас дулаан,  Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар 3.0-аас 4.1°С-аар илүү дулаан байлаа.


Зуны улирлын агаарын дундаж температур Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Төв аймгийн зарим нутгаар ОЖД-аас 1.0-ээс 1.9°С дулаан, Ховд аймгийн Чандмань, Увс аймгийн Малчин, Өндөрхангай, Баян-Өлгий аймгийн Баяннуур сум орчмоор -1-ээс -1.5°С хүйтэн, бусад нутгаар ОЖД-ийн орчим байв.


Намрын улиралд нутгийн хойд, зүүн хойд хэсгээр агаарын дундаж температур ОЖД-аас 1.0-ээс 2.2°С-аар дулаан, бусад нутгаар ОЖД-ийн орчим байлаа. 


Сүүлийн 5 жилийн сар бүрийн агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайлтын утгыг харьцуулж үзэхэд, 2020 оны 1-5 дугаар сард ОЖД-аас 1.1°С-аас 5°С дулаан буюу сүүлийн 5 жилтэй харьцуулахад 4 дүгээр сар хамгийн дулаан болжээ. Зуны саруудад агаарын дундаж температур дунджийн орчим, харин 12 дугаар сар ОЖД-аас хүйтэн байсан аж.  

 

Холбоотой мэдээ