АН-ын бүлэг ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн авах нь зөв гэж үзжээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-01-25 14:07:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, Үндсэн Хуулийн Цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, хүлээн авах нь зөв гэж үзжээ.


ҮХЦ-ээс Эх,  олон  хүүхэдтэй  өрх  толгойлсон  аав, ээжид  тэтгэмж  олгох тухай хуулийн гурван заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Тухайлбал,  0-3 настай хүүхдээ асарч байгаа ээжид тэтгэмж олгоод эцэгт бол олгохооргүйгээр хуульчилсан байна. Улс төр, нийгэм, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй байх ёстой. Хүүхдээ асарч халамжлах үүргийн хувьд ч аав, ээж тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх ёстой.  Гэтэл 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт 3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжийг аав нь авах боломжтой тохиолдлуудад зөвхөн “тэтгэмж авах эх нас барсан, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн тохиолдол” хамаарч байгаа нь хүүхдээ асарч байгаа аав хүний эрхийг нь хязгаарласан байна гэж ҮХЦ дүгнэжээ. Уг дүгнэлтийг АН-ын бүлэг дэмжсэн юм.


Мөн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг гэсэн хоёр асуудлыг хэлэлцсэн бөгөөд уг хоригийг дэмжээгүй байна. Уг хуулийг УИХ өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд баталсан. Өмнөх хуульд Авлигатай тэмцэх газрын дарга болон дэд даргыг Ерөнхийлөгч санал болгодог байсан. Харин сүүлд оруулсан өөрчлөлтөөр Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайд томилдог байхаар хуульчилж баталсан. Энэ заалтад Ерөнхийлөгч хориг тавиад байгаа юм.

Холбоотой мэдээ