"Шүүхийн менежмент" хөтөлбөрийг танилцууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2015-09-29 13:19:03

ШЕЗ-өөс шүүхийн үйл ажиллагааг хурдан шуурхай, хүртээмжтэй болгох зорилгоор ”Шүүхийн шинэ менежмент” хөтөлбөр баталсан. 2014-2020 он хүртэл үргэлжлэх энэхүү хөтөлбөрийн хүрээнд таван чиглэлээр 39 төрлийн ажил хийхээр төлөвлөжээ.

Одоогийн байдлаар баталсан төлөвлөгөөний 40 орчим хувийг гүйцэтгээд байна гэж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр онцлов.

Тодруулбал, иргэд "www.shuukh.mn" сайтаас бүх шатны шүүхийн шийдвэр, хаяг байршил, утас факс, шүүх хуралдааны товыг харах боломжтой болсныг тус зөвлөлийнхөн хэлж байна. Хөтөлбөрийн хүрээнд шүүх хуралдааны 105 танхимд дуу, дүрс бичлэгийн тоног төхөөрөмж суурилуулсан байна. Ингэснээр иргэн бүр өөрийн сонирхож буй шүүх хуралдааныг шүүхийн байрнаас шууд үзэх боломжтой болжээ. Түүнчлэн хөдөө орон нутагт товлосон шүүх хуралдаанд Улаанбаатар хотоос оролцох хүсэлтэй иргэн заавал тухайн орон нутагт очих шаардлагагүй, өөрийн өмгөөлөгчийн хамт цахим шүүх хуралдаанд оролцох боломж нээгдсэн гэдгийг онцлов.

“Шүүхийн шинэ менежмент” хөтөлбөрийн хүрээнд интернет орчинг түлхүү ашиглах зорилт тавьсан байдаг бөгөөд тэр ч утгаараа шүүгчийн сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр явуулдаг болсон байна.

Шүүхийн нэгдсэн системийг шинэчилж, ирэх 11 дүгээр сард ашиглалтад оруулхаар төлөвлөөд байгаагаа мэдэгдлээ. Ингэснээр шүүх хуралдааны үйл явцын мэдээ мэдээлэл, лавлагаа зэргийг цахимаар авах боломжтой болох юм. Систем ашиглалтанд орвол:

Мэдэгдэх хуудас хүргэгдсэн эсэх
Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг хэзээ гардуулсан
Хариуцагч хариу тайлбар ирүүлсэн эсэх
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэргийн оролцогчдоос хүсэлт гаргасан эсэх
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн эсэх
Шүүх хуралдаан товлогдсон эсэх, хэргийн материалтай талууд танилцсан эсэх
Хэргийн оролцогчдод шүүх хуралдааны тов мэдэгдсэн эсэх
Шүүх хуралдаан дууссан буюу хойшилсон эсэх
Хяналтын гомдол гаргасан болон хүргүүлсэн эсэхийг гэрээсээ мэдэх боломжтой болох ажээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Монгол улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл нэгдүгээр боть” бүтээлийг хэвлэн гаргасан тухайгаа өнөөдөр хийсэн мэдээлэлдээ мөн онцлов. Уг эмхэтгэлд бүх шатны шүүхээс 390 гаруй шийдвэрийг сонгож тодорхой үнэлгээн дээр тулгуурлсан 77 шийдвэрийг оруулсан байна. Уг боть нь шүүхийн шийдвэрийг судалгааны ажлын эргэлтэнд оруулах, шүүхийн шийдвэрийг боловсруулах арга зүй, шүүхийн практикийг судалж мэдэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой гэж тайлбарлав.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд