Завханы 14 сумын багийн эмч мотоциклтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-10 17:30:15

Завханы сумдын багийн эмч нар мотоцикль, өвлийн хувцастай болоо.

Завхан аймаг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахаар Орон нутгийн хөгжлийн санд  38,9 сая төгрөг төсөвлөжээ.

Үүнээсээ 14 сумын багийн эмч нарт мотоциклыг өвлийн дулаан хувцасны  хамт хүлээлгэн өглөө.  Мотоцикль  гардуулах  ёслолыг нээж аймгийн Засаг дарга  Ж.Жамъянтив: -“Эрүүл мэндийн анхан шатанд тусламж үйлчилгээг чанартай, шуурхай цаг алдалгүй, хүртээмжтэй үзүүлэх нь эрүүл мэндийн салбарын тэргүүлэх зорилтын нэг бөгөөд өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, өвчин хүндэрч амь нас эрсдэхээс нь өмнө тусламж үзүүлэх нь эдийн засгийн өндөр үр дүнтэй төдийгүй эрдэнэт хүний амь нас, эрүүл оршиход нэн чухал үйл хэрэг юм.  Хүн нэг бүрийн хичээл зүтгэл, итгэл сэтгэлээс тусламж үйлчилгээний үр дүн гарах тул та бүхэн иргэн бүртээ хүрч үйлчлэхийн төлөө хичээл зүтгэл гаргаж ажиллаарай” гээд цаашдынх нь ажил хөдөлмөрт нь амжилт хүслээ.

Дашрамд аймгийн Засаг дарга сумдад тайлан танилцуулах хурлын үеэрээ иргэдээс судалгаа авч санал хүсэлтэд нь үндэслэж ийнхүү унаажуулжээ.  Мөн 70  багийн эмч нарт дулаан хувцас илгээж анхан шатны тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх боломжид дэмжлэг үзүүллээ.

Завхан Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ