Монгол, Британийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-03-05 12:44:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоуныг өнөөдөр хүлээн авч уулзав.


Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газрын гол зорилт, баримталж буй бодлого, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар мэдээлэв.


Британийн худалдааны хөнгөлөлтийн ерөнхий систем болох “Сайжруулсан нөхцөл”-д Монгол Улс энэ оноос эхлэн хамрагдаж байгаатай холбогдуулан хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар талууд ярилцав. Боловсролын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын яриа, хэлэлцээний давтамжийг хадгалах, олон талт хамтын ажиллагааны хүрээнд харилцан сонирхсон асуудлаар мөн санал солилцов.


Уулзалтын үеэр Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн Төрийн нарийн бичгийн дарга (сайд) Доминик Раабын захидлыг Элчин сайд Ф.Малоун гардуулав.

Холбоотой мэдээ