Оношлогооны баг Түшиг суманд ажиллахаар мордлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-04-01 15:04:04

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргилын шийдвэрээр Түшиг суманд оношлогооны 10 баг ажиллахаар өглөөний 05:00 цагт хөдөллөө.

Сэлэнгэ аймгийн Түшиг суманд 3 дугаар сарын 30-нд коронавирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссын шийдвэрээр тус суманд аймгийн Онцгой комиссын гишүүн, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцогоор ахлуулсан 37 хүний бүрэлдэхүүнтэй оношлогооны 10 баг  томилж, өнөөдөр өглөө Түшиг сумын зүг хөдөллөө.

Энэхүү оношлогооны 10 багийн бүрэлдэхүүнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн таван баг, Алтанбулаг, Жавхлант, Дулаанхаан, Шаамар, Цагааннуур зэрэг сумаас бүрдсэн таван баг, аймгийн ЗӨСТ-ийн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй “Халдваргүйтгэлийн баг”-ууд тус тус ажиллах юм.

Мөн Түшиг суманд мэргэжил арга зүйн зөвлөмж өгөхөөр аймгийн МХГ, ОБГ-ын мэргэжилтэн, алба хаагчид, тээврийн үйлчилгээнд аймгийн ЗДТГ, ЗӨСТ, ХХААГ, Нэгдсэн музей, аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Алтанбулаг, Дулаанхаан, Зүүнбүрэн, Хушаат зэрэг сум, тосгодын ЭМТ-үүдийн жолооч, техник хэрэгсэл дайчлагдсан байна. Оношлогоонд Түшиг сумын 0-12 насны хүүхдээс бусад бүх иргэн хамрагдах аж.

Иймээс тус сумын хүн бүр иргэний үүргээ биелүүлж оношлогоондоо бүрэн хамрагдахыг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.

 

 

Холбоотой мэдээ