7000 шахам иргэний эд хөрөнгийн бүртгэл цахимжжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-15 17:39:38

Хөрөнгийн эрхийн төслийн санхүүжилтээр Завхан аймгийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цаасан архивийг цахимжуулах ажил хийгдэж байна.

Эд хөрөнгийн бүртгэл цахимжсанаар цаг хугацаа хэмнэх, иргэд өөрсдийн өмчөө эдийн засгийн эргэлтэнд саадгүй оруулж, үр ашгийг нь хүртэх боломжоор хангаж буй юм. Түүнчлэн газар өмчлөл, эд хөрөнгийн бүртгэлийн үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангаж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг боловсронгуй болгож буйг албаныхан мэдээлж байна.  

Өнөөдрийн байдлаар 6700 гаруй иргэний эд хөрөнгийн бүртгэлийг цахимжуулаад байна.  Эд хөрөнгийн эрхийн бүртгэл цахимжлаа гээд иргэн бүртгэлийн газар огт очихгүй гэсэн үг биш юм байна. Тодруулбал, иргэн мэдүүлгээ онлайнаар урьдчилан бөглөж илгээгээд, нотлох баримтуудаа цаасаар харъяа дүүргийнхээ Эд хөрөнгийн бүртгэлийн нэгжид аваачиж өгнө. Энэ нь архив анхан шатны баримтуудад үндэслэн үүсдэгтэй холбоотой аж. Харин мэдүүлэг бөглөх үед цахим системээс өгсөн давхардахгүй кодыг ашиглан иргэн гэрчилгээ, лавлагаа нь хэзээ бэлэн болох, хаанаас авах, шийдвэрлэлтийн аль шатандаа яваа зэрэг мэдээллийг онлайнаар харах боломжтой болж байгаа. Энэ нь иргэдийн цаг зав, зардал мөнгийг тодорхой хэмжээнд хэмнээд буй юм.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ