Үйлчилгээнд гарч буй автобусыг нэмэх үүрэг өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-04-13 11:55:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар ачаалалтай байршлуудад нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэх, автобус хоорондын зайг 5-7 минут байхаар зохион байгуулахыг нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр анхаарууллаа. 

Хөл хорио тогтоосноор нийтийн тээврийн тоог цөөлж, тодорхой цагийн хуваарьт шилжүүлсэн, тээврийн хэрэгслийн дугаарын сүүлчийн тоо тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа нь үйл ажиллагаа явуулж буй 15 салбарын иргэдэд хүндрэл учруулж, халдвар хамгааллын дэглэм алдагдахад хүргэн бөөгнөрөл үүсгэж буй учраас ийнхүү даалгаад байна. 




Энэ талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Х.Булгаа мэдэгдэхдээ, гол чиглэлүүдийг давхцуулахгүйгээр, автобус хоорондын хугацааг 10-15 минут байхаар төлөвлөж, үйлчилгээнд гаргаж буйг мэдээллээ. Тэрээр бүх чиглэлд ачаалал үүсээгүйг хэлээд, "Тодорхой чиглэлд буюу төв замаар явдаг, захын хорооллоос төв рүү явдаг чиглэлд өглөө, орой ачаалал үүссэн. Үүнтэй холбоотойгоор, бид тухай бүрд нь зорчигчдын мэдээлэл авч, шуурхай зохион байгуулж, нэмэлтээр тээврийн хэрэгсэл гаргаж, ачааллыг сийрүүлэх талаар ажиллаж байна" гэв. Нийтийн тээвэрт хөл хорионы үеэр 58 чиглэлд 315 автобус үйлчилгээнд явж байна.


Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч ААН, байгууллагад хөл хориотой холбоотойгоор тээврийн хэрэгслээ ариутгаж халдваргүйжүүлэх талаар урьдчилан мэдэгдэл, албан бичиг хүргүүлжээ. Мөн авто тээврийн хяналтын улсын байцаагч нар болон Нийтийн тээврийн үйлчилгээний газрын албан хаагч нар нийтийн тээврийн зогсоол дээр хяналт, шалгалт хийж, ариутгал, халдваргүйтгэл хийж байгаа эсэхийг шалгаж байна. 






Гэрэл зургуудыг Т.Чимгээ


Холбоотой мэдээ